БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч Мун Жэ Ин

Мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр Либерал ардчилсан намаас нэр дэвшигч Мун Жэ Ин ялалт байгууллаа. Сонгогчдын ирц 77.2 хувьд хүрсэн нь 1997 оноос хойших хамгийн өндөр ирцтэй Ерөнхийлөгчийн сонгууль болсон байна. Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн 64 настай Мун Жэ Ин нийт сонгогчдын 41.1 хувийн буюу 13.4 сая иргэний саналыг авч тэргүүлжээ. Харин түүний араас Эрх чөлөөний намаас нэр дэвшигч Хон Жун Пё 25.04 хувийн саналаар, төвийг баримтлагч Ан Чол Су 21.5 хувийн саналаар тус тус удаалсан гэж тус улсын Үндэсний сонгуулийн хорооноос мэдээллээ Мун Жэ Ин “БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаа зарласан төдийгүй есөн жил үргэлжилсэн консерватив бодлогыг дуусгавар болгосныхоо дараа улсынхаа хуваагдмал байдлыг нэгтгэнэ” гэж амласан юм. Тус улсын Үндэсний сонгуулийн хороо сонгуулийн үр дүнг албан ёсоор баталгаажуулснаар түүний таван жилийн бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхэлнэ. Мун Жэ Ин ялалт байгуулсныхаа дараа сонгогчдодоо хандан "Энэ бол улсаа шударга, нэгдмэл болгохыг хүссэн ард иргэдийн ялалт" гэж мэдэгджээ. Мун Жэ Ин "Маргаашаас эхлэн миний бие ард иргэдээ нэгтгэж, хүн бүрийн төлөө, цаашилбал, надад дэмжлэг үзүүлээгүй хүмүүсийн төлөө зүтгэх Ерөнхийлөгч байх болно. Энэ бол улсынхаа нэгдмэл, зарчимч байдал, ухаалаг сэтгэлгээг хангахын төлөө саналаа өгсөн иргэдийн хувьд гайхалтай ялалт юм. Ард иргэд зөв замаар чиглэхийг хүсэж байгааг харж байна. Миний бие улсаа шинэчлэх болно. Миний бие бахархах түүхтэй БНСУ-ын Ерөнхийлөгч болсноороо бахархах болно" хэмээн онцолжээ. Ийнхүү Либерал ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Мун Жэ Ин ялалт байгуулснаар БНСУ-ын томоохон компаниудыг шинэчлэх сорилттой нүүр тулна. Тэрбээр кампанит ажлынхаа үеэр ажлын байр бий болгох, улс орноо хямралаас гаргах зорилтуудыг дэвшүүлсэн юм. Тус улсад залуучуудын ажилгүйдлийн түвшин 10 хувьтай байгаа нь томоохон асуудал болж байгаа аж. Мөн тэрбээр БНАСАУ-тай харилцаагаа сайжруулах, Азийн дөрөв дэх том эдийн засагт давуу байр суурь эзэлж байгаа гэр бүлийн эзэмшлийн томоохон группүүдийн эсрэг хатуу арга хэмжээ авна гэж амлаад байна. Хэдий тийм боловч түүний БНАСАУ-ын талаар баримтлах бодлого АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын байр суурьтай зөрчилдөж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Учир нь АНУ-ын пуужин эсэргүүцэх THAAD хамгаалалтын системийг улсдаа байрлуулахыг БНАСАУ-аас гаралтай Мун Жэ Ин анхнаасаа шүүмжилж байсан юм. Мөн тэрбээр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай нээлттэй ярилцахад бэлэн гэдгээ ч илэрхийлээд байна.




САНАЛ БОЛГОХ