Хямралаас гарах гарц нь Үндсэн хуулийн өөрчлөлт биш

Мэдээ


Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг удахгүй боловсруулна

Эрх баригч хүчин мөрийн хөтөлбөртөө Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар тусгасан. Энэ дагуу УИХ-аас Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг баталж, өнгөрсөн дөрөвдүгээр сард Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар иргэдийнхээ төлөөлөлтэй зөвлөлдөж, саналыг нь авсан юм. Санал асуулгын үр дүнг үндэслэн Зөвлөлдөх зөвлөлөөс зөвлөмж гарган УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг зөвлөмжид үндэслэн УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан билээ. УИХ-аас төслийг олон нийтээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Үүний дагуу УИХ-ын Тамгын газраас төслийг хэлэлцүүлэх дэд ажлын хэсэг байгуулж, улс орон даяар 21 аймаг, 53 сум, нийслэлийн есөн дүүрэг, төрийн байгууллагуудад нийт 68 удаагийн бүсчилсэн сургалт, хэлэлцүүлгийг хоёр сарын хугацаанд зохион байгуулж, Хямралаас гарах гарц нь Үндсэн хуулийн өөрчлөлт биш дүнгээ гаргасан.

Иргэдийн өгсөн санал, эрдэмтэн судлаачид, улс төрийн хүчнүүдийн байр суурь, дүгнэлтэд тулгуурлан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг ойрын хугацаанд багтааж, эцэслэн боловсруулахаар болсон юм. Энэ хүрээнд өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэгтэй хамтран “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” сэдвээр эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ- ын дарга М.Энхболд “Нийгэм хөгжиж, олон талт харилцаа нарийсан гүнзгийрэхтэй зэрэгцэж өөрчлөгдөн шинэчлэгдэх зайлшгүй шаардлага аливаа хуульд тулгардаг. Шинэ Үндсэн хууль маань ч энэ замыг тойрсонгүй. Тодорхой асуудлуудаар нэмэлт, өөрчлөлт зайлшгүй шаардлагатай болсон талаар сүүлийн 10 гаруй жилд байнга санал гарах болсон. УИХ дээр л гэхэд үүнээс өмнө дөрвөн удаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлж байв. Тиймээс эдгээр санал, дүгнэлтэд тулгуурлан хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг төрийн эрх барих дээд байгууллага УИХ хөндөж байгаа” хэмээн байр сууриа илэрхийлэв.

• 2000 оны дордуулсан долоо хэмээн тодотгодог нэмэлт, өөрчлөлтийг буцаах, хуучин заалтуудыг эргээд сэргээх ямар боломж байгааг судалж байгаа.

• Монголын өнөөгийн гарцгүй мэт нийгэм улс төр, эдийн засаг, эрх зүй, оюун санааны гүн хямралаас гарах цорын ганц гарц нь ёс суртахууныг бүхнээс дээгүүр тавих явдал.

• Яам байгуулахын төлөө Үндсэн хуулиар оролдох хэрэггүй.

Үүний дараа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл ба олон нийтээр хэлэлцүүлсэн дүнгийн тухай Ажлын хэсгээс мэдээлэл танилцуулав. УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан “2000 оны дордуулсан долоо хэмээн тодотгодог нэмэлт, өөрчлөлтийг буцаах, хуучин заалтуудыг эргээд сэргээх ямар боломж байгааг судалж байна. Үүнээс гадна үндсэн таван багц сэдвийн хүрээнд 20 гаруй зүйл, заалтад өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа” гэв. Хэлэлцүүлэг “1992 оны Үндсэн хууль ба түүний хэрэгжилтээс үүдэн гарч буй үр дагавар”, “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол, арга зүйн асуудлууд” болон “Үндсэн хуулийн шинэчлэлийн зарим асуудлууд” сэдвийн хүрээнд өрнөсөн юм. Үүнээс гадна “Үндсэн хууль дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт ба эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах асуудлууд”, “Үндсэн хууль дахь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага ба төрийн албаны тогтолцоог боловсронгуй болгох асуудал” гэсэн сэдвийн хүрээнд ч судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлэв. Тухайлбал, академич С.Нарангэрэл Монгол Улсын өнөөгийн байдал нь Үндсэн хуулиас шалтгаалаагүй гэдэг нь бодит үнэн зүйл гэдгийг онцолоо. Тэрбээр “Монголын өнөөгийн гарцгүй мэт нийгэм, улс төр, эдийн засаг, эрх зүй, оюун санааны гүн хямралаас гарах цорын ганц гарц нь ёс суртахууныг бүхнээс дээгүүр тавих явдал юм. Монгол төрийн үзэл суртлыг бий болгож, түүнийг цаг алдалгүй бий болгох шаардлагатай” гэлээ.

Харин доктор Б.Гүнбилэг улс төрийн хямралыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийснээр засахгүй бөгөөд харин улстөрчдийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, намуудыг төлөвшүүлэхэд Үндсэн хуулиас бусад хуулиа ягштал сахих, сахиулах нь зүйтэй гэдгийг тодотгов. Мөн хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаа “Өнөөдөр Монгол Улс Үндсэн хуулийн ба Үндсэн хуулийн бус хоёр яамтай болж байна. Үндсэн хуулийн таван яам, Үндсэн хуулийн бус долоон яамтай болохоор байна гэсэн үг. Ийм байж таарахгүй. 1924, 1960 оны Үндсэн хуульд Засгийн газрын гишүүн хэн байхыг заасан. 1940-1960 оны Үндсэн хуульд яамтай холбоотой асуудлаар таван удаа нэмэлт, өөрчлөлт орж байсан. Нэгийг нэмдэг, нэгийг нь хасдаг байлаа. Гэхдээ бүгдийг нь жагсааж бичдэг байсан. Тийм учраас яам байгуулахын төлөө Үндсэн хуулиар оролдох хэрэггүй” гэлээ. Нийтлэлч Баабар “Үндсэн хуульд оруулах шаардлагатай нэмэлт, тодотголууд” илтгэлдээ Үндсэн хуульд хийсэн 1999 оны өөрчлөлт нь тодотгол байсан хэмээн онцоллоо. Мөн өнгөрсөн 25 жилийн турш улстөрчид нь Үндсэн хуулиа санаатай, санамсаргүйгээр зөрчиж ирсэн. Үүний ихэнх нь УИХ болон Засгийн газарт хамаарч байгаа ба хуулиа баримтлахгүй байгаа нь зөрчлийн үндэс болж байна. Энэ мэтээр хуулийг дагаж мөрдөхгүй бол Үндсэн хуулиа өөрчилсөн ч төр, нийгмийн тогтолцооны гажуудал засрахгүй. Тэгээд ч өнөөдөр манай иргэдийн дунд Үндсэн хуулиа мэддэг хүн тун цөөн байна. Тиймээс иргэддээ Үндсэн хуулиа сурталчлан таниулахын зэрэгцээ эх хуулиа өөрчлөхийн оронд дугаарласан нэмэлт тодотгол гаргавал зүгээр” хэмээн байр сууриа илэрхийлэв.


САНАЛ БОЛГОХ