“Alibaba”-ийн орлого​ 56 хувиар өсөв

Мэдээ

Цахим худалдааны салбарт тэргүүлэгч БНХАУ-ын “Alibaba” компанийн орлого 2017 оны санхүүгийн жилийн III улирал буюу өнгөрсөн оны10-12 дугаар сард өмнөх оны мөн үеэс 56 хувиар өсөж, 13.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь шинжээчдийн таамгаас давсан, зах зээл нь зогсолтгүй тэлсээр байгаа үзүүлэлт болж байгаа юм. Үүнд өнгөрсөн 11 дүгээр сард “Ганц биечүүд”-ийн өдрөөр хийсэн борлуулалтын дүн голлон нөлөөлсөн байна. Дэлхийд томоохонд тооцогддог цахим худалдааны хямдрал зарладаг энэ өдрөөр тус компани борлуулалтынхаа дээд амжилтыг тогтоож байсан юм. “Alibaba”-ийн хувьцааны ханш өнгөрсөн онд бараг хоёр дахин өссөн бөгөөд одоогоор зах зээлийн үнэлгээ нь 523 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.

Үүнээс гадна “Alibaba” компани санхүүгийн төлбөр тооцооны нэгж “Ant Financial”-ийнхаа 33 хувьтай тэнцэх хувьцааг худалдаж авна гэдгээ мэдэгдлээ. Тус компани “Alipay”-ийг эзэмшдэг энэ компанид өмнө нь хувьцаа эзэмшиж байгаагүй аж. БНХАУ-ын зах зээлд “Tencent”-тэй хийх өрсөлдөөн ширүүсэж байгаа энэ үед “Ant Financial” компани IPO гаргахаар зэхэж байгаа юм.




САНАЛ БОЛГОХ