Бид зүрх сэтгэлгүй тархи бэлдчихсэн байна

ЗГМ: Зочин


Сүүлийн 10 жилд ЕБС-ийн сургалтын хөтөлбөр 16 удаа өөрчлөгдсөн



Монгол Улсын Ерөнхийлөгчийн Багшийн хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Ч.Чулуунцэцэгийг сониныхоо зочноор урьж ярилцлаа. Бидний яриа хүүхдийн хүмүүжил, төлөвшил сэдвийн хүрээнд өрнөсөн юм.


-Боловсролын салбарт дүн шинжилгээ хийх ажлын хэсэг байгуулагдсан гэсэн. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?


-Монгол улсын Ерөнхийлөг­чийн 2017 оны арванхоёрдугаар сарын 6-ны 26 дугаар тоот захирамжаар 19 хүний бүрэл­ дэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсгийн гол зорилго нь боловс­ролын салбарт системийн шинжилгээ хийх. Боловсролын салбарын өнөөгийн байдлыг хүнээр зүйрлэвэл бие нь муудаад, хэвтэрт орчихоод байна. Тэгвэл энэ асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, системийн шинжилгээ хийж үзэхээр зорьсон юм. Ажлын хэсэг ямар нэг шинэчлэл хийхгүй. Харин боловсролын систем ямар зүй тогтлоор явж ирэв, ямар алдаа дутагдал гарсныг тогтоож, эрх зүйн чадамжтай бичиг баримт боловсруулна. Үүнийг ажил болгох эсэх нь чиглэлийн яамны шийдэх асуудал. Бид энэ ажлын хүрээнд төрөөс боловсролын салбарт баримтлах бодлогын баримт бичигт судалгаа хийж үзлээ. Ингэхдээ 1990 оноос өмнөх болон хойно гэж хоёр хуваасан юм. Одоо бол боловсролын хуульд хүмүүжил гэдэг үг байхаа больсон. Сурган хүмүүжүүлэх гэсэн хуучны ойлголтыг боловсрол гэдэг үгээр сольсон гэсэн үг.

Уг нь боловсролын салбар сургалт болон хүмүүжлээ давхар авч явах ёстой. Гэтэл зөвхөн сургалтад анхаараад хүмүүжлийг орхичихож. Зөвхөн сүүлийн 10 жилд ерөнхий боловсролын сургуу­лийн сургалтын хөтөлбөр 16 удаа өөрчлөгдсөн байна. Нэг хүүхэд дунд сургуульд ороод 12 дугаар ангиа төгсөх хооронд сургалтын хөтөлбөр нь 16 удаа өөрчлөгдөнө гэдэг юу гэсэн үг вэ. Ингэхээр боловсрол буюу сургалтаар дамжуулж хүүхэд хөгжүүлэх бодлого алдагдчихаад байгаа юм. Дээрээс нь цахим ертөнц хүүхдийн хүмүүжилд маш их сөргөөр нөлөөлж байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Тиймээс судалгаагаа дуусгасны дараа зөвлөмж гаргаж, үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлнэ. Мэдээж 19 хүний дүгнэлт, судалгаагаар бүгдийг шийдэхгүй. Эхлээд гаргасан дүгнэлтээ багш, эцэг эхчүүдийн төлөөллөөр хэлэлцүүлнэ. Мөн хөдөө орон нутгаар явж, хэлэлцүүлэг өрнүү­лэх гэж байна. Хамгийн гол нь хүүхдийн хүмүүжлийн асуудал төрөөс баримтлах бодлогодоо суусан байх ёстой. Бид өмнөх үеэ шүүмжилж, хэн нэгэнд бурууг өгөхийг зориогүй. одоо бидэнд ямар гарц, шийдэл байна, Монголын боловсролын салбар хэнийг бэлдэх ёстой гэдгийг л гаргаж ирэхийг зорьж байна.


-Монгол хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн онцлог ямар байдаг бол?


-Эхлээд монгол хүүхдээ судлах ёстой. Эрт дээр үед Монголын ард түмэн хүүхдээ хүмүүжүүлэхдээ охин хүүхдээ ээж нь дагуулаад, хөвгүүдээ аав нь хариуцаад нас биед нь тохирсон хөдөлмөр хийлгэх зэргээр хүн болгон төлөвшүүлдэг байлаа. Хүнээр хүн хийх ухаан гэдэг чинь Монголын маш том философи шүү дээ. Харин орчин үед хүүхдээ мундаг математикч, инженер болгоё гэж зориод байдаг. Гэтэл тэр хүн эхлээд монгол аав, монгол ээж болох ёстой гэдгийг арай л бага анзаараад байх шиг. Бид хүүхдийн хүмүүжлийн хоёр дахь шатны судалгаагаа арай дуусгаагүй байна. Дууссаны дараа монгол хүүхдийг ямар онцлогоор, ямар философиор хүмүүжүүлэх бодлогоо боловс­руулах юм. Монголчууд боловсролгүй ард түмэн биш. Бид байгаль эхээ хайрладаг, эх дэлхийтэйгээ харьцдаг, зөв монгол хүн болох хүмүүжлийг олон зуун жилийн амьдралын явцад олж авсан ард түмэн. Харин орчин үеийн гэж яриад байгаа сүүлийн 95 жилийн боловсролын систем хэнийг бэлтгэчихэвээ гэдгийг одоогийн нийгэм тод харуулж байна. Бид монгол хүнээ хүмүүжүүлэхийн оронд хэтэрхий догматик сургалтруу чиглэснээс зүрх сэтгэлгүй тархи бэлдчихсэн байна. Тэд монгол хүн биш, эх оронч биш учраас улс орноо хайрлахад зүрх сэтгэл нь дутаад байгаа юм. Өндөр боловсрол эзэмшсэн, олон орны хэлээр ярьдаг мундаг хүн зөндөө л байна. Тэгсэн атлаа эх орноо хайрлаж, хөгжүүлж чаддаггүй. Хүний ёсноос гадуур жигшүүрт хэрэг их гараад байгаа нь нэг талаар үүнтэй ч холбоотой. Одоо яана аа гэж халаглаж суухын оронд бүгдээрээ нийлж асуудлыг шийдэх тодорхой шийдлүүдээ гаргаж ирмээр байгаа юм.


-Таны бодлоор шийдэл, гарц нь юу байх бол?


-Ертөнцийг үзэх зөв үзэлтэй, монгол философийг зөв ойлгуул­ сан байх нь хамгийн чухал. Нийгэмтэй харьцахдаа монгол ёс заншлаа дээдэлсэн, эх орноо хайрласан хүмүүжлийг сэтгэхүйд нь суулгаж өгмөөр байна. Гэхдээ үүнийг тусгай хөтөлбөрөөр нүдэх биш, танхимын бус сургалтын харилцаагаар шийдэх гарц бий. Одоо дунд сургуулийн су­рагч 6-7 төрлийн хичээлийг таван цагт багтааж үзээд тардаг. Тэгээд гэртээ харьж даалгавраа хийх цагийг нэмбэл тэр өдөр дуусч, унтах цаг нь болчих­дог. Монголын боловсролын хөтөлбөр ийм их ачаалалтай. Энэ хэрээр хүүхэд ар гэр, аав ээжтэйгээ харилцах цаггүй болчихоод байна. Аав, ээж нь бас нийгэм, эдийн засгийн байдлаасаа болоод гэр орноо өөд татах гээд хүүхдээ анхаарах завгүй. тиймээс хүүхдийн сургалт, хүмүүжлийг багшид нь даатгаад орхидог. Бүгд ажил, сургууль, цэцэр­ лэгээсээ тараад оройд л гэртээ цугларна. тэгээд оройн хоолоо идчихээд унтдаг хэмнэл ихэнх гэр бүлд байна. Хүүхдээ ун­ тахад нь үлгэр ярьж өгдөг сайхан хүмүүжил хаачив. Тэгэхээр бид гаднаас дуурайж оруулсан элдэв хөтөлбөрөө аль болох багасгаж, Монголынхоо онцлогт тохируулсан өөрсдийн хөтөлбөртэй болмоор байна.


Нэг ёсондоо бид хүмүүжих завгүй сураад байна
Манай хүн амын гуравны нэг нь малчин буюу нүүдэлчин. Бас гуравны нэг нь ядуу болон нэн ядуу ангилалд багтдаг. Дотооддоо маш бага үйлдвэрлэдэг, орлого багатай улсад суурьшмал соёл иргэншилтэй, хүн ам нь нягт суурьшсан атлаа маш өндөр орлоготой, өндөр хөгжилтэй улсын хөтөлбөрийг шууд авчраад тавьчихаар угаасаа тохирохгүй. Эцэстээ яг хэнийг бэлтгээд байна вэ гэсэн чиг баримжаагүй болчихсон. Бид боловсролын хөтөлбөрөө дөрвөн жилийн давтамжтай сольсоор л байна. Үр дүн нь гарч амжаагүй байхад дараагийн хөтөлбөр нь орж ирээд байхад тасралтгүй, тогтвортой байх гэсэн үндсэн хоёр шинж чанараа алдахаас яах вэ.


-Та бүхэн яг одоо энэ чиглэлээр юу хийж байна?


-Бид Монгол хэл, уран зохиол, түүхийн сурах бичгүүдийг судалж байна. 1-12 дугаар ангийн сурах бичгүүдийг харахад маш их хүндрүүлсэн хичээлтэй. Монгол хэл судлалын ангийн оюутан эрдэм шинжилгээний ажил хийх гэж байгаа юм шиг хүнд, задалсан даалгавартай. Яг энд заасны дагуу боловсрол эзэмшдэг бол монголоороо зөв бичээд зогсохгүй өгүүлбэр зүйгээр задлан ялгадаг мундаг хэлний мэдлэгтэй хүмүүс бо­лохоор. Гэтэл яагаад дандаа алдаатай бичээд байна вэ. Үүнд мэдээж цахим орчны нөлөө бий. Гэхдээ нөгөө талаар сургалтын хөтөлбөрийн зорилго нь буруу тавигдчихсан. Жишээ нь, би хоёрдугаар ан­гийн хүүхдийнхээ монгол хэлний даалгаврыг хийж чадахгүй байна. Хөтөлбөр боловсруулсан багшаас нь асуухад “Цөм хөтөлбөрөө мэдэхгүй болохоор аргагүй” гэж хариулж байна. Тэгвэл Монголын ард түмэн бүгдээрээ эцэг, эх биз дээ. Тиймээс бүгд Цөм хөтөлбөрийг судалж байж хүүхдийнхээ даалгаврыг хийлгэх ёстой юу. Уг нь би монгол ээж учраас бага ангийн хүүхдийнхээ монгол хэлний даалгаврыг хийх чадвартай байх ёстой. Бас даал­гавар нь ойлгомжтой байх ёстой. Гэтэл хоёрдугаар ангиасаа эхлээд л хүн ойлгохгүй даалгавар өгөөд байвал эцэстээ юу болох вэ.


-Тасралтгүй, тогтвортой бодлого гэдгийг та тодорхой жишээгээр хэлэхгүй юу?


-Манай ажлын хэсэгт багтсан нэг хүн АНУ-ын бүх сурах бичгийг судалж үзсэн байна. Гэтэл нэгдүгээр ангиасаа эхлээд ахлах сургуулиа төгсөх хүртэлх бүх хичээлийн хөтөлбөрт Биб­лийг тэр чигээр нь шингээсэн байсан гэнэ. Хүүхдээ шашнаар хүмүүжүүлэх мундаг том бодлого явагдаад байгаа биз. Гэтэл манайд ийм үргэлжилсэн, тогтвортой бодлого алга. Бид эцэг эхчүүдийг хүүхдүүдээ хүмүүжүүлж чадахгүй байна гэж шүүмжилдэг. Гэтэл тэр хүмүүс чинь бидний өмнө нь төгсгөөд гаргасан бүтээгдэхүүн. Зургаан настай хүүхэдтэй 26 настай ээж гэдэг найман жилийн өмнө дунд сургуулиа төгссөн боловсролын салбарын бүтээгдэхүүн байхгүй юу. Одоогийн эцэг эхчүүдийг шүүмжилж байгаа бол бид ийм л бүтээгдэхүүн бэлдсэн гэсэн үг. 1960-аад онд манай улс хэтэр­ хий догматик буюу танхимын сургалтруу анхаарах боллоо, сургууль төгссөн хүүхдүүд маань амьдралаас хол хөндий байна гэж үзээд политехник сургалтруу анхаарлаа хандуул­сан. Төрөөс ийм бодлого баримтлаад эхлэнгүүт тухайн үеийн Гэгээрлийн яам хөдөлмөр зуслангуудыг бий болгож эхэлсэн. Тэнд очоод ангиараа нийлж төмсөө хураана, ажил хөдөлмөр хийдэг байлаа. Нэг ёсондоо хүүхдүүдийг хөдөл­мөрөөр төлөвшүүлсэн байдаг. Харин өнөөдөр монгол хүүхдүүд таарсан хөдөлмөр хийх ч завгүй байна. Нэг ёсондоо бид хүмүүжих завгүй сураад байна. өчнөөн сурсан хэрнээ мундаг мэдлэг чадвартай хүн гарч ирээд байна уу гэхээр үгүй.


•  Хүнээр хүн хийх ухаан гэдэг Монголын маш том философи.
• Суурьшмал соёл иргэншилтэй, өндөр орлоготой, өндөр хөгжилтэй улсын хөтөлбөрийг шууд хуулаад тавьчихаар угаасаа тохирохгүй.
• Сүүлийн 95 жилийн боловсролын систем хэнийг бэлтгэчихэв ээ гэдгийг одоогийн нийгэм тод харуулж байна.


-Бүтээгдэхүүнээ сайжруулахын тулд багш нараа чадавхжуулах ёстой байх?


-1990-ээд онд зах зээлийн нийгэмд шилжсэний дараа багш нар цалин бага гээд ажлаа хаяж, наймаанд явж эхэлсэн. үүнээс болоод энэ салбар боловсон хүчний дутагдалд орсон юм. Би сайн санадаг юм, Багшийн дээдийн үүдэнд “Манай суманд багшаар ирвэл байраар хангана, тугалтай үнээ өгнө” гэх мэтийн зар их тавигддаг байлаа. Харин багшийн мэргэжил эрэлттэй болохын хэрээр сайн сурлагатай хүүхдүүд багш болох сонирхол нэмэгдсэн юм. Гэвч үүнээс хойш багш нарынхаа цалинг дорвитой нэмэхгүй явсаар байгаад эргээд 1990-ээд оны нөхцөл байдал руу орчихлоо. Багш нарыг чадваржуулах нь зөв. Гэхдээ цалин нэмэнгүүт чадвартай болчихно гэж ойлгож болохгүй. Боловсролын чанар олон хүчин зүйлээс шалтгаална. Багшийн цалин, орчин, нийгмийн халамж, сургалтын хөтөлбөр бүгд нийлж, баримталж буй бодлоготойгоо зохицож байж чанарын асуудал яригдах учиртай.


-Боловсролын салбарт шаардлагатай бодлогын чанартай асуудлыг хэрэгжүүлэхэд хуваарилж байгаа мөнгө нь хангалттай байж чаддаг уу?


-Улсын нийт төсвийн гуравны нэг нь боловсролын салбарт зарцуулагдаж байгаа. Эндээс харвал хамгийн баян салбар мэт. Гэтэл үгүй. Хамгийн их боловсон хүчинтэй салбар учраас цалин хөлсөнд төсвийн дийлэнхийг зарцуулдаг. Тиймээс багш нарын нийгмийн халамж, хичээлийн бусад зардалд хуваарилагдах мөнгө нь багасдаг.


-Таны ярьсан хүүхдийн төлөвшил, хүмүүжилд цэцэрлэг чухал үүрэг гүйцэтгэх байх?


-Хүүхдийн хүмүүжлийн асуудал дээр цэцэрлэг буюу сур­гуулийн өмнөх боловсрол онцгой ач холбогдолтой. Австрали, Япон сургуулийн өмнөх боловсролдоо маш их анхаардаг улс. Японд гэхэд л цэцэрлэгийн багш нар нь хамгийн өндөр цалинтай, хамгийн нэр хүндтэй. Яагаад гэвэл, жинхэнэ япон иргэнийг хүмүүжүүлж байгаа учраас тэр. Гэтэл манайд нэг анги нь 40-50 хүүхэдтэй. Хатуухан хэлэхэд хүүхдийг ямар нэг бэртэл гэмтэлд хүргэчихгүйхэн байлгаж байгаад л эцэг эхэд нь хүлээлгэж өгөх үүрэгтэй болчихсон.


-Цахим орчин хөгжсөн бид хүүхдээ хүмүүжүүлэхдээ юунд анхаарах ёстой вэ?


-Бид хүүхдийнхээ хүүхэд насыг аль болох удаан хадгалах хэрэгтэй байна. Яаж удаан хад­ галах вэ гэхээр хүүхдэд зориулсан мэдээллийг нь өгнө гэсэн үг. Хэ­рэв том хүний талаар хэтэрхий их мэдээлэлтэй, томчуудын хийдэг ажлыг хийж, томчуудын үздэг юмыг үзээд байвал хүүхэд нас аажмаар хорогдоно. Нас, бие нь хүүхэд хэвээр боловч сэтгэхүй нь том хүнийхрүү ороод байгаа хэрэг. Цахим орчинг буруутгах нь зайлшгүй. Жишээ нь, Facebook байна. Магадгүй надтай 13 настай охин найз байж болно. Гэтэл би улстөрчдийг муулсан юм бичиж магадгүй. Тэгвэл нөгөө охин улс төр гэж ийм л юм байна гэсэн ойлголттой болно. Бас садар самууныг дурдахгүй өнгөрч болохгүй. Одоо би хүүх­дүүдтэйгээ зэрэгцэж суугаад кино үзэх ямар ч боломж алга. Тэр дундуур юу ч гарч магадгүй. Ийм юм үзэж, сонсох хэрээр хүүхдүүд хүүхэд насаа гээсээр байдгийг ойлгомоор байна.

САНАЛ БОЛГОХ