10 сая төгрөгийн шагналын сантай боулингийн тэмцээн

Спорт


Монголын боулинг сонирхогчдын холбоо үүсэн байгуулагдсаны 10 жил, “Биг Боулинг” төв байгуулагдсаны 10 жил, нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ойн нэрэмжит боулингийн аварга шалгаруулах “CITY CUP 2018” багийн төрлийн нээлттэй тэмцээн энэ сарын 27-28-нд “Big bowling” төвд болох гэж байна. 10 сая төгрөгийн шагналын сантай энэхүү тэмцээний аварга баг 5 сая, мөнгөн медальт баг 2,5 сая төгрөг, хүрэл медальт баг 1,5 сая төгрөг хүртэх ажээ. Мөн шилдэг тоглогч буюу өндөр онооны эздийг тус бүр 500 мянган төгрөг хүлээж байна. Урьд өмнө байгаагүй хамгийн өндөр шагналын сантай тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр нийгмийн хариуцлагаа дээдлэгч уул уурхайн “Steppe Gold” компани ажиллаж байна. Тэмцээнд хамт олон, байгууллага, найз нөхдөөрөө таван хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлж орох боломж боулинг сонирхогч хэн бүхэнд нээлттэй бөгөөд багийн гишүүдийн 4 нь эрэгтэй, 1 нь эмэгтэй тамирчин байх аж. Монголын боулинг сонирхогчдын холбооноос зохион байгуулдаг “CITY CUP” тэмцээн нь хамгийн олон баг оролцдог, өрсөлдөөн ихтэй гэдгээрээ онцлог байдаг. Тус тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар уламжлал ёсоор хамтран зохион байгуулдаг юм.


САНАЛ БОЛГОХ