Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг МАН-ын Бага хурлаас дэмжлээ

Мэдээ

МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэр гарч, хамтарсан Засгийн үед Сангийн сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр тогтлоо. Бага хурлаар батлагдсан нэрийг УИХ дахь МАН-ын бүлгээр дамжуулж УИХ-д өргөн барих юм. Тус намын Бага хуралд 202 гишүүн оролцсоноос 195 нь УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлснийг дэмжжээ. Бага хурлаас гаргасан шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөх бөгөөд үүний дараа томилох эсэх асуудлыг УИХ-д өргөн барина. Үүнээс өмнө МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэр гарч, хамтарсан Засгийн үед Сангийн сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр санал нэгдээд байсан юм. Ерөнхий сайд болох магадлалтай гэж яригдаж байсан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар Удирдах зөвлөлийн хурлын үеэр нэрээ татсан байна. Ж.Эрдэнэбат нь УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймгаас сонгогдсон бөгөөд тэрбээр 2012 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болж, улмаар 2014 оны 12 дугаар сард Сангийн сайдаар томилогдон ажиллажээ. Эдийн засагч мэргэжилтэй, эдийн засгийн ухааны магистр Ж.Эрдэнэбат нь 2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч, 2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн Хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байжээ. МАН "Мэргэжлийн Засгийн газар байгуулна" гэж амлаад байгаа бөгөөд Ерөнхий сайдыг томилсны дараа Засгийн газар ямар бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллах нь эн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудал болоод байна.


САНАЛ БОЛГОХ