Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо. Ажлын хэсгийн мэдээлснээр Зөрчлийн тухай хуулийн төсөлд тусгагдсан 1600 зөрчлийн 10 нь 100 сая төгрөгийн торгууль ногдуулах зөрчил байна. Эдгээрээс найм нь банктай холбоотой заалт байгаа ажээ. Хүнс импортлох болон экспортлоход хуульд тавигдсан шаардлагыг зөрчсөн тохиолдолд өнөөдрийн хуулиар хувь хүнийг 1-10 сая төгрөгөөр торгодог. Харин хэлэлцэж байгаа хуулийн төсөлд 10-100 сая төгрөгөөр торгохоор тусгасан байна. Өөрөөр хэлбэл иргэд хувийн хэрэглээндээ хүнс импортолсон тохиолдолд хуульд заасныг зөрчсөн гэж үзээд 10 сая төгрөгийн торгууль төлөх эрсдэлтэй болж байна гэж УИХ-ын гишүүн О.Батнасан байнгын хорооны хуралдааны үеэр байр сууриа илэрхийлжээ.
Харин жижиг худалдаа, бизнес эрхлэгчид холбогдох газруудтай гэрээ байгуулаагүй, зориулалтын агуулах, байранд хадгалаагүй, зориулалтын бус тээврийн хэрэгсэл ашигласан бол 100 сая төгрөгийн торгууль төлөхөөр тусгасан байна. Энэхүү заалт хэрэгжвэл бизнесүүд үйл ажиллагаагаа зогсоох эрсдэлтэй болж байгааг тэрбээр онцоллоо. Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Ундармаа хуулийн этгээдийн зөрчлийн торгуулийн хэмжээ 100 сая төгрөг байгааг бууруулах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй