Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэллээ
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ. Сонгуулийн тухай хуульд заасанчлан сурталчилгаа 18 хоног үргэлжлэхээр байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ өрсөлдүүлж байгаа МАН, АН болон МАХН өнөөдөр сонгуулийн кампанит ажлаа эхлүүлж байна. Хуульд зааснаар сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглоно. Мөн Төрийн болон бусад өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын чанартай ажил, үйлчилгээ явуулах, эх сурвалжийг дурдаагүй сонгуулийн сурталчилгааны материалыг хэвлүүлэх, тараах, нийтлэх, нэвтрүүлэх нь хуулиар хориотой юм. Түүнчлэн сонгуулийн жил эхэлснээс хойш мөнгө, эд зүйл тараах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглосон байдаг. Хэдий тийм боловч далд сурталчилгаа хэдийн эхэлж, ялангуяа цахим ертөнцөд хүчээ авсан гэж “Засгийн газрын мэдээ” сонин даваа гарагийн дугаартаа онцолжээ.
Ерөнхийлөгчийн сонгуулиар нам нэр дэвшүүлсэн өдрөөс эхэлж, сонгуулийн зардлын тайлан хүргүүлэх өдрийг дуустал хугацаанд намын сонгуулийн зардлын данснаас зарлага гаргаж болохоор хуульчилсан байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын тайлан гаргаж сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй. Ингэхдээ зардлын тайландаа аудит хийлгэж, дүгнэлт гаргуулсан байх талаар сонгуулийн тухай хуульд заажээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй