Монгол Улс, ОХУ-ын худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус хориг саадыг арилгах асуудлыг хэлэлцэв
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн орлогч сайд А.В.Груздевтэй уулзаж, хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Уулзалтын үеэр хоёр талын худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус хориг саадыг арилгах, Монгол Улсын дэд бүтэц, эрчим хүчний салбарт ОХУ-ын хөрөнгө оруулалтыг татах, хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Түүнчлэн, хоёр улсын хил орчим, бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ.
Мөн Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлаар хамтарсан судалгааны ажлын хэсэг байгуулахад холбогдох дэмжлэг үзүүлэхийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хүссэн байна. Энэ нь Монгол Улс, ОХУ хоорондын худалдааны хэмжээг нэмэгдүүлэхэд тулгарч буй тарифын болон тарифын бус хориг саадыг арилгах хүрээнд хийгдэх ажил юм.
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг идэвхжүүлэх, энэ хүрээнд Улаанбаатар хотод Хөрөнгө оруулалт, зураг төслийн төвийг байгуулах, гурван талын хамтын ажиллагаанд бодлогын зохицуулалт хийх үүрэг бүхий зөвлөл байгуулах асуудлыг судалж үзэхээр тохиролцсон байна. БНХАУ-ын талтай зөвшилцсөнөөр Монгол, ОХУ, БНХАУ-ын гурван талт уулзалтыг ирэх гуравдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй