Суурин компьютерийн нийлүүлэлт 5.2 хувиар унав

Мэдээ

Хойд Америкийн компьютерийн зах зээл дэх эрэлт буурсантай холбоотойгоор II улирлын байдлаар дэлхийн суурин компьютерийн нийлүүлэлт 5.2 хувиар уналаа. Тодруулбал II улиралд нийт 64.3 сая компьютерийг олон улсад нийлүүлсэн бол энэ оны эхэнд 67.9 саяыг нийлүүлжээ. 2016 оны I улиралд компьютерийн нийлүүлэлт 11 хувиар унасан байна. Хэрэглэгчид ухаалаг гар утас болон зөөврийн компьютерийг түлхүү ашиглах болсноор суурин компьютерийн зах зээл тав дахь жилдээ дараалан унаж байна гэж даваа гарагт танилцуулсан “Gartner” компанийн тайланд дурджээ. Түүнчлэн Их Британи Европын Холбоог орхих шийдвэрийг дэмжсэн нь эрэлт буурахад нөлөөлж, улмаар дотоодын болон дэлхийн зах зээл дэх бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөж, эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж “Gartner” компанийн шинжээч Микако Китагава мэдэгдсэн юм. Дэлхийн хэмжээнд суурин компьютерийн нийлүүлэлтээр “Lenovo” групп тэргүүлдэг байна. Харин АНУ-ын зах зээлд “Dell” компани нийлүүлэлтээрээ тэргүүлсэн бол “Lenovo” групп зах зээлийн 21 хувийг эзэлж, хоёрдугаарт бичигджээ.


САНАЛ БОЛГОХ