"SolarCity"-ийг худалдан авах саналаа "Tesla" $300 саяар бууруулав

Мэдээ

Цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг “Tesla” компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск “Тesla Motors” болон “SolarCity” корпорацийг нэгтгэх үнийн саналаа 2.6 тэрбум ам.доллар болгон буурууллаа” гэж мэдэгдлээ. Тодруулбал зургадугаар  сарын 21-ний өдөр санал болгосон анхны үнийн дүнгээс даруй 300 сая ам.доллараар бууруулсан аж.

Энэхүү мэдэгдлийн дараа хоёр компанийн хувьцаа хөрөнгийн бирж дээр унасан үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал “SolarCity” компанийн хувьцаа 7.9 хувиар унаж 24.60 ам.доллар болсон бол “Tesla” компанийн хувьцаа 1.3 хувиар буурч 231.72 ам.доллар болсон байна. “SolarCity” компани АНУ-ын хамгийн том нарны эрчим хүчний компанид тооцогддог. Хэдий тийм боловч сүүлийн саруудад бэлэн мөнгөний урсгалыг дэмждэг нарны эрчим хүчний түрээсийн бизнест саад учрах болсноор “SolarCity” компанийн өсөлт саарсан байна.

Улмаар Даваа гарагт “SolarCity” компани 2016 оны нарны эрчим хүчний ашиглалтын урьдчилсан таамгаа 900 мегаватт болгон бууруулж байснаа танилцуулж байв. Түүнчлэн тус компанийн өрийн хэмжээ 3.25 тэрбум ам.долларт хүрч, олон нийтэд анх хувьцаагаа санал болгосноос хойш гурав дахь удаагаа улирлын алдагдал хүлээсэн зэрэг таагүй үзүүлэлтүүд гарсаар байгаа юм. Харин энэхүү нэгтгэх хэлэлцээрийн үр дүнд хоёр компани 150 сая ам.долларын зардал хэмнэхийн зэрэгцээ “SolarCity” нь “Tesla” компанийн нэгж хувьцаа тутмаас 25.37 ам.долларын ашиг хүртэх боломжтой болох ажээ.


САНАЛ БОЛГОХ