“Khodro” цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэнэ

Мэдээ

Иран улсын автомашин үйлдвэрлэгч “Khodro” компани БНСУ-ын “LG” компанитай хамтран Ираны зах зээлд цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэж, гаргахаар төлөвлөж байна. “Khodro”-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Хашем Еэкэ Зарегийн мэдээлснээр хэлэлцээрийг наймдугаар сар гэхэд хийж дуусгах төлөвтэй байгаа юм байна. Тодруулбал “LG” компани цахилгаан хөдөлгүүртэй автомашины зай болон бусад бүрэлдэхүүн хэсгийг “Khodro” компанид нийлүүлэх ажээ. Түүнчлэн уг компани Иран улсад автомашины зай цэнэглэх станц байрлуулах ажлыг хариуцан ажиллах юм байна. Хэлэлцээр амжилттай болвол талууд 2023 он гэхэд 60 мянган цахилгаан хөдөлгүүртэй авто машин үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Одоогийн байдлаар цахилгаан хөдөлгүүртэй автомашиныг боловсронгуй болгох, Иран улсад автомашины зай цэнэглэх дэд бүтцийг бий болгох төлөвлөгөөг анхааран ажиллаж байна гэж “LG” компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Хэлэлцээрийн дүнд Иран улсын авто машины зах зээлд цахилгаан хөдөлгүүртэй авто машиныг нэвтрүүлж, тус улсад шатахууны хэрэглээг багасгах боломжтой болох аж. Түүнчлэн агаарын бохирдлоор дэлхийд дөрөвдүгээрт ордог Иран улсын агаарын бохирдол болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ач холбогдолтой гэж тооцоолжээ.


САНАЛ БОЛГОХ