“Volkswagen” болон “Audi”-ийн зарим загварыг БНСУ-д худалдаалахыг хориглоно

Мэдээ

БНСУ автомашины хорт хийн ялгаруулалтад хийсэн шалгалтынхаа дараа “Volkswagen” болон “Audi” брэндийн хэд, хэдэн загварын чанарын үнэлгээг цуцлахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал “Volkswagen"-ийн "Golf”, “Jetta”, “Tiguan”, “Audi"-ийн "A3", "A6” болон “Bentley Continental” зэрэг 79 мянга гаруй автомашины чанарын үнэлгээг цуцлахаар болжээ. Энэ талаарх албан ёсны мэдэгдлийг БНСУ-ын Хүрээлэн буй орчны Сайд долдугаар сарын 22-ны өдөр хийхээр төлөвлөж байгаа аж. Ингэснээр “Volkswagen”, “Audi” болон “Bentley” брэндийн шатахуун хөдөлгүүртэй 14 загвар, дизель хөдөлгүүртэй 18 загварыг БНСУ-д худалдаалахыг хориглох юм. 2016 оны эхний зургаан сарын байдлаар БНСУ-д худалдаалагдсан нийт импортын автомашины 33 хувийг “Volkswagen”, 10 хувийг “Audi” компани эзэлж байна. Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн “Volkswagen” компанитай холбоотой асуудлууд дараалан гарах болсон бөгөөд тухайлбал Прокурорын газраас “Volkswagen” компанийг шатахуун хэмнэлтийн шалгалтын хариуг худал мэдүүлсэн хэргээр тус компанийн БНСУ дахь оффист нэгжлэг явуулж байжээ. Мөн зургадугаар сард БНСУ дахь “Volkswagen”-ийн үйлдвэрийн захирлыг тус улсын хүрээлэн буй орчны хуулийг зөрчсөн хэрэгт буруутгаж, баривчилсан байна. Одоогийн байдлаар Герман дахь “Volkswagen”-ийн үйлдвэрт хорт хийн ялгаруулалтын шалгалтыг явуулж эхлээд байгаа ажээ.


САНАЛ БОЛГОХ