2956

Абэномикст саад бологч удаашрал

Японы эдийн засаг 2015 оны дөрөвдүгээр улиралд 1.4 хувиар суларсан нь Ерөнхий сайд Шинзо Абэгийн “Абэномикс”-т бас нэг цохилт боллоо. Бууралт эдийн засагчдын анх тооцоолсон 1.2 хувиас их байгаа нь тус улсын хэрэглээ ноцтой унаснаас шалтгаалжээ. Япон орон мөнгөний нийлүүлтийг ихэсгэж, бодлогын хүүг багасгах арга хэмжээ авсаар байхад цалингийн өсөлт нь иргэдийн хэрэглээг өсгөх хэмжээнд хүрч чадахгүй байгаагаас шалтгаалан дотоодын эрэлт сул хэвээр буйг дээрх тооцоо харууллаа. 

Хэдийгээр тус улсын эдийн засагт уналт ажиглагдахгүй байгаа ч сүүлийн хэдэн долоо хоногт иенийн ам.доллартай харьцах ханш 113.8 болтлоо чангарав. Ханш чангарсан учраас иргэдийн цалинг мэдэгдэхүйц өсгөхийн тулд Японы Төв банк мөнгөний нийлүүлэлтийг нэмэх шаард-лагатай болж байна. Хөрөнгө оруулагчид ч тус улсын эдийн засгийг эрчимжүүлэх илүү олон арга хэмжээ авахыг хүлээж сууна. Өнгөрсөн долоо хоногт ноцтой унасан хувьцааны үнэ эргэн өсөж, Nikkei 225 индекс 7.16 хувиар өссөн нь нэг өдрийн доторх томоохон өсөлтөд тооцогдож байна. 

Японд хэрэглээ өсөж чадаагүйн буруутан нь хэт дулаан өнгөрч буй өвлийн улирал хэмээн тус улсын Сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга тайлбарлав. “Эдийн засгийн суурь тогтвортой байгаа тул бизнесийн нөхцөл ч сайжирна” хэмээн тэрбээр өгүүлсэн юм. 

Харин Токио дахь HIS Global Insight-ийн эдийн засагч Харүми Тагүчи Япон оронд автомашин зэрэг удаан эдлэгээтэй бараа бүтээгдэхүүнд мөнгө зарах нь сул байгааг анхааруулж байна. “Цалингийн өсөлт удаан байна” хэмээн шүүмжилж буй тэрбээр ирэх оноос хэрэгжиж эхлэх хэрэглээний татварын (тайлбар: нэмэгдсэн өртгийн татвар) өсөлтөд зориулан иргэд мөнгөө хямгадаж байгааг дурдсан юм. Улирлын нөлөө багасах хэрээр эдийн засгийн өсөлт энэ оны турш хэр тааруу түвшинд үргэлжилнэ хэмээн ноён Тагүчи үзэж байна. 

Хоёр жилийн өмнө тэг хувьтай гарч байсан Японы эдийн засгийн өсөлт 2015 онд дөнгөж 0.4 хувиар сайжирсан нь Абэномикс “амь тэмцэж буй”-н илрэл боллоо. Инфляцийг өсгөхөд чухал үүрэгтэй эдийн засгийн сул нөөцийг дайчлах бодлого ахиц муутай байгаа нь Японы эдийн засгийн урт хугацааны өсөлтөд ч саад болж байна. 

Өнгөрсөн оны гуравдугаар улирлын эдийн засгийн өсөлтийн хэмжээг 0.8 хувиар тооцоолж гаргасныхаа дараа 1.3 хувь болгон зассан нь эдийн засгийн бодит уналт болсныг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсантай адил. Дөрөвдүгээр улиралд тус улсад хэрэглээ 3.3 хувиар багассан. Төрийн хөрөнгө оруулалтын жилийн өсөлт сул буюу 10.3 хувьтай байгаа нь Абэномиксоор хэрэгжүүлж эхэлсэн санхүүгийн түлхэц өгөх арга хэмжээ үр дүнгүй байгааг харуулав. 

Гэхдээ дөрөвдүгээр улиралд бизнесийн хөрөнгө оруулалт 5.7 хувиар өссөн нь сайн үзүүлэлт болж байна. Хятадын эдийн засаг удааширсан ч Японы гадаад худалдааны хэмжээ муугүй үзүүлэлттэй гарлаа. Учир нь газрын тос, таваарын үнээс шалтгаалан Японы экспортын хэмжээ 3.4 хувиар багассан гэж болно. Харин экспортын хэмжээ үүнээс ч ихээр унасан юм. 

Японы Төв банк инфляцийн хэмжээг хоёр хувьд хүргэхийн тулд хоёр долоо хоногийн өмнө бодлогын хүүгээ хасах 0.1 хувиар тогтоосон нь зах зээлийг гайхашруулсан алхам болов. Үнэ өсөлт одоогоор бараг л тэг хувь. Тус банк шаардлагатай арга хэмжээ авлаа ч дэлхий даяар эдийн засаг суларч байгаа нь иенийн ханшийг өсгөхөд хүргэнэ. Иен чангарах тусам эдийн засгийн өсөлтийн түлхүүр болсон бизнесийн хөрөнгө оруулалт, экспортод түшиглэх явдал төвөгтэй болж хувирна.

САНАЛ БОЛГОХ