ОУВС Монгол Улсын “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах хүсэлтийг хүлээн авав

Мэдээ

Олон Улсын Валютын Сангийн захирлуудын зөвлөл ээлжит хурлаараа Монгол Улсын “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-т хамрагдах хүсэлтийг хүлээн авлаа. Ингэснээр ирэх гурван жилийн хугацаанд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж, Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулахад хамтран ажиллахаар болж байна.

Хөтөлбөрийн хүрээнд Олон Улсын Валютын Сан болон бусад хамтрагчид, зээлдэгчдээс хийх нийт санхүүжилтийн дүн 5.5 тэрбум ам.доллар болж байгаа юм. Үүнээс Олон Улсын Валютын Сангаас олгох хөтөлбөрийн зээл 434.3 сая ам.доллар гэж тус сангаас мэдээллээ. Монгол Улсын эдийн засаг түүхий эдийн зах зээлийн уналт, гол экспортын зах зээлийн удаашралын улмаас хүндэрснийг Олон Улсын Валютын Сангийн захирлууд онцлоод, “Энэ бүхэн гадаад валютын нөөц буурах, нийт өр зээлийн хэмжээ болон эрсдэл нэмэгдэх шалтгаан болж, төсвийн их хэмжээний алдагдал бий болгосон”-ыг мэдээлэлдээ дурдсан байна.

Мөн Олон Улсын Валютын Сангийн захирлуудын зөвлөл Монгол Улсын өрийн урт хугацааны тогтвортой байдлыг бий болгоход төсвийн нэгдмэл байдал болон сахилга бат маш чухал гэдгийг онцолжээ. Иймд төсвийн шаардлагагүй зардлыг бууруулж, татварын орлогоо нэмэгдүүлж байгаа Засгийн газрын төлөвлөгөөг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Үүнээс гадна салангид явсан улсын төсөв, Хөгжлийн банк, Монголбанкны төсвийг нэгтгэх, төсвийн төсөл боловсруулах, хэлэлцэх үүрэг бүхий зөвлөл байгуулах зэрэг арга замуудаар төсвийн тогтолцоогоо бүхэлд нь өөрчлөх дэмжиж ажиллана гэж мэдэгджээ.




САНАЛ БОЛГОХ