Евро бүсийн эдийн засаг 0.6 хувиар өсөж, шинжээчдийн таамагт хүрлээ

Мэдээ

Европын орнуудын эдийн засаг сэргэсэнтэй холбоотойгоор Евро бүсийн ДНБ II улиралд өсөлтөө хадгаллаа. Тодруулбал, бүсийн эдийн засаг 0.6 хувиар өсөж, шинжээчдийн таамагт хүрсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Евро бүсийн эдийн засаг 2.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүнд Европын хамгийн том эдийн засагтай улс Герман мөн Испанийн эдийн засаг голлох нөлөөтэй байжээ. Үүгээр ч зогсохгүй, Франц улсын экспорт болон хөрөнгө оруулалт 2011 оноос хойших өсөлтөө хадгалсан бол Нидерландын хувьд эдийн засаг нь 2007 оноос хойш хамгийн их хэмжээгээр өссөн байна. Түүнчлэн Женев Дэх "Banque Pictet & Cie" эдийн засагч "Эдийн засгийн сэргэлт тогтвортой түвшинд хадгалагдаж, өргөн цар хүрээг хамарсан. Хэдийгээр үйл явц түргэн хугацаанд болохгүй ч гэлээ, санхүүгийн үзүүлэлтүүд тэдний талд байна. Тиймээс Европын Төв банк инфляци зорилтот түвшинд хүрнэ гэдэгт итгэлтэй байж болно" гэж үзжээ. Евро бүсийн энэ оны өсөлтийн төлөвийг 1.9 хувьд хүрнэ гэж Европын Төв банк үзэж байгаа юм. Энэ нь хоёр жилийн өмнөхтэй дөхөж очихуйц өндөр үзүүлэлт гэдгийг шинжээчид онцолж байна.



САНАЛ БОЛГОХ