Цахилгаан тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалт, зам ашигласны төлбөргүй зорчуулна

Мэдээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын захирамжаар нийслэлийн замын хөдөлгөөнд цахилгаан тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтгүй, зам ашигласны төлбөргүй зорчуулахаар боллоо. Ингэснээр автомашины яндангаас гарч байгаа хорт утаа, түүний байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө буурч улмаар эдийн засгийн хэмнэлттэй цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдэх аж. Үүнтэй холбогдуулан цахилгаан тэжээлт автомашины цэнэглэгч станцуудыг байгуулах төлөвлөгөөг батлуулан мөрдөх тухай Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдэгдсэн байна. Энэхүү шийдвэр нь Нийслэлийн Засаг даргын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Байгаль орчин, ногоон хөгжлийн зорилт"-ын хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг юм. Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээлснээр 2017 оны дөрөвдүгээр сарын байдлаар нийт 74 бүрэн цахилгаан авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 61 нь төрийн болон хувийн өмчит троллейбус, 13 нь бага оврын ачааны, суудлын автомашин байна. Иймд цаашид "Эко Улаанбаатар" хот болох ажлын хүрээнд иргэдийн хэрэглээний зардлыг хэмнэсэн, ногоон хэрэглээг дэмжсэн олон ажлыг гүйцэтгэнэ гэж Улаанбаатар хотын захирагч онцолжээ.



САНАЛ БОЛГОХ