
Михаель Мюллер: Төрийн захиргааны албан хаагчдыг сургах тал дээр хамтран ажиллах боломжтой
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын урилгаар Берлин хотын Захирагч Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж байна. Уулзалтын үеэр талууд хоёр хот хооронд, нийтийн тээвэр, хог хаягдал, хот төлөвлөлт зэрэг чиглэлээр хамтран ажиллаж, цаашид харилцаагаа улам бататгах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Михаель Мюллер нь Монголын Төрийн захиргааны албан хаагчдыг сургах тал дээр хамтран ажиллах боломжтой гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Мөн энэ үеэр Нийслэлийн засаг дарга С.Батболд жил бүр зохион байгуулагддаг "ITB Berlin" аялал, жуулчлалын олон улсын үзэсгэлэнд Улаанбаатар хот гурав дахь жилдээ амжилттай оролцсоныг онцолсон байна. Үүнээс гадна Монгол Улсын хувьд Герман улс нь Европ руу гарах гол хаалга гэдгийг чухалчилжээ.
Үүнээс гадна Берлин хотын Захирагч ноён Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй танилцлаа. Мөн Берлин хотын төлөөлөгчдөд "Гёте" институт хэрэгжүүлж буй төслөө танилцууллаа. “Гандантэгчинлэн хийдийн сэргээн засварлах урлан байгуулах” төсөл нь хоёр жилийн хугацаанд хэрэгжих юм байна. Берлин хотын захирагчийн айлчлал нь 17-19-ний өдрүүдэд үргэлжилнэ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй