"Америкийн өдрүүд-2017" АНУ-ын 100 гаруй брэндийг нэг цэгээс танилцуулав

Мэдээ

Монгол дахь Америкийн худалдааны танхим буюу "АмЧам Монгол" дөрөв дэх жилдээ зохион байгуулсан "Америкийн өдрүүд-2017" үзэсгэлэн худалдаанд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, арилжаа эрхэлдэг АНУ-ын 90 гаруй аж ахуйн нэгж 100 гаруй брэндийг төлөөлөн оролцлоо. Хоёр өдөр үргэлжилсэн үзэсгэлэн худалдаа нь АНУ-ын бараа, бүтээгдэхүүнийг олон нийтэд нэг цэгээс танилцуулах, Монгол Улсад дэлхийн чанар, стандартыг нэвтрүүлэн ажиллаж буй компаниудын үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдэд ойртуулах зорилготой байв.

Үзэсгэлэнгийн үеэр АНУ-ын Элчин сайдын яамнаас визний тухай болон АНУ-д суралцах боломжуудын талаар мөн илтгэлүүд тавьсан байна. Энэхүү арга хэмжээ нь “АмЧам Монгол”-ын гишүүдийн ивээн тэтгэлэг, дэмжлэгээр зохион байгуулагдсанаас гадна “Bloomberg TV Mongolia” болон “Монгол ТВ” мэдээллийн ивээн тэтгэгчээр хамтран ажиллалаа. Мөн "Хаан" банк төлбөр тооцооны цогц шийдлийг санал болгож, "Жи Мобайл" компани албан ёсны өндөр хурдны интернетийн үйлчилгээ үзүүлжээ. Түүнчлэн энэ үеэр Америкийн худалдааны танхимын ТУЗ-ийн дарга Жеймс Лиотта “Энэхүү арга хэмжээний цар хүрээ өргөжиж, хоёр улсын харилцаанд чухал нөлөө үзүүлж байгаа”-г онцоллоо.




САНАЛ БОЛГОХ