МАН агаарын бохирдол, АН шатахууны хомсдлыг хэлэлцжээ

Мэдээ


Шинэ долоо хоногийн парламентын үйл ажиллагаа хуваарийн дагуу УИХ дахь намуудын бүлгийн хурлаар эхэлдэг. Өчигдөр АН, МАН-ын бүлэг хуралдаж, зарим асуудлаар саналаа нэгтгэжээ. МАН-ын хувьд нийслэлийн агаарын бохирдлыг төвлөрч ярьсан байна. Улмаар 2019 оноос эхлэн нийслэл хотод түүхий нүүрс түлэхгүй байх шийдвэрийг гаргажээ. Сүүлийн үед агаарын бохирдлоос дутахгүй анхаарлын төвд байгаа бас нэгэн сэдэв нь шатахууны хомсдол болон үнийн өсөлт. Тэгвэл АН-ын бүлэг энэ сэдвийг хөнджээ. Улмаар шатахууны хомсдлыг Засгийн газрын нэмсэн долоон төрлийн татварын сөрөг үр дагавар хэмээн тодорхойллоо. Эдгээр асуудлаар МАН, АН-ын бүлгийн удирдлага ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.


Д.ЭРДЭНЭБАТ: ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ АСУУДЛЫН ТАВИНА


-Шатахууны хомсдол үүсгэж, үнэ нэмсэн зэрэг асуудал иргэдийг маш их бухимдуулж байна. ОУВС-гийн шаардлага нэрийн дор иргэдийн амьжиргаатай холбоотой долоон төрлийн татвар нэмсний сөрөг үр дагавар өнөөдөр илэрч байна гэж Ардчилсан намын бүлэг үзэж байгаа. Үүний хамгийн том жишээ нь, шатахууны зохиомол хомсдол болохыг харлаа. Өнөөдрийн бодит байдлыг харахад шатахууны үнийг өсгөх зохиомол гурван нөхцөлийг буй болгосон байна. Нэгдүгээрт, ШТС-ууд шууд хаалгаа хаагаад явчихсан. Хоёрдугаарт, шатахууны үнийн хязгаарлалтыг хийсэн. Гуравдугаарт, талоны хэлбэрт орсон гэдгээр шалтаг хийж байна. Хэдийгээр Засгийн газар 41 хоногийн шатахууны нөөцтэй гэж байгаа ч бодит байдал дээр зохиомол хомсдол үүсэж, зарим нэр төрлийн шатахууны үнэ нэмэгдсэн байна. Үүнийг дагаад зарим өргөн хэрэглээний барааны үнэ өслөө. Тухайлбал, гурил 90-120, шатахуун 150- 200, махны үнэ дунджаар 1000 төгрөгөөр өссөн. Хэрэв эрх баригчдын хэлж буйгаар эдийн засаг өсөлттэй, шатахууны 41 хоногийн, валютын дөрвөн тэрбум төгрөгийн нөөцтэй байгаа нь үнэн бол шатахууны үнэ хямд байх байсан. Ардчилсан намын бүлэг хэд хэдэн асуудлаар Засгийн газарт хугацаатай шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагын дагуу татварын асуудлаа хоёрдугаар сарын 1-ний дотор шийдэх ёстой. Хэрэв энэ үнийн өсөлтийг сааруулах чиглэлд Засгийн газар хоёрдугаар сарын 1-ний дотор ямар нэг тодорхой арга хэмжээ авахгүй бол АН- ын бүлгээс У.Хүрэлсүхийн кабинетыг огцруулах асуудлыг хөндөнө. Мөн УИХ татвар нэмсэн асуудлыг эргэн харж, эдийн засгийг тогтвортой байлгах асуудалд анхаарал тавихгүй бол УИХ цаашид ажиллаж чадах эсэх асуудлыг ч ярина.


Д.ХАЯНХЯРВАА: ҮР ДҮНГЭЭ ӨГӨХ ЭХНИЙ АРГА НЬ САЙЖРУУЛСАН ТҮЛШ


-Засгийн газраас 2019 оны дөрөвдүгээр сараас эхлэн ахуйн зориулалттай түүхий нүүрсийг нийслэл болон төв суурин газар руу оруулахгүй байх тогтоолын төслийг санаачилж, хаврын чуулганаар батлуулна. Үүнтэй холбогдуулан утаагүй түлш үйлдвэрлэх талаар тодорхой төсөл санаачилж, бизнес эрхлэгчидтэй хамтарч ажиллах юм. Мөн хөрс болон агаарын бохирдлыг бүхэлд нь авч үзэх ёстой. Үүний тулд “Амьдралыг тэтгэх цэвэр агаар” гэсэн санаачилга гарган, байгаль орчны бохирдолтой холбоотой бүх асуудлыг цогцоор нь авч үзэн, шийдвэрлэхийг бүлгээс дэмжсэн. Агаарын бохирдол буурахгүй байгаа нь өмнөх төслүүдийн үр ашгийг бүдэгрүүлж байна. Зуух тэгтлээ их түвэг болсон зүйл биш. Зуух бол Монголын нүүдэлчин соёл иргэншилтэй холбоотой зүйл. Ямар ч монгол хүн гэр орондоо гал түлээд, галын дөл хараад сууж байх сонирхолтой байдаг тул зуухыг тас хориглоно гэж хэлж болохгүй. Тиймээс Засгийн газар маш тодорхой саналаа танилцуулахаар болсон. Мэдээж түүхий нүүрсийг 2019 оноос эхлэн оруулахгүй гэвэл түүний оронд юу байх вэ гэдгээ шийдэх ёстой. Тэгэхээр нэгдүгээрт сайжруулсан түлш яригдах ёстой. Ерөнхий сайд “Бүх сайжруулсан түлшинд нэг стандарт тогтооё” гэж хэлсэн. Ингэснээр илчлэгийн тухай гомдол, саналыг шийднэ гэж харж байгаа. Ойрын үед 220 мянган гэр хорооллын өрхийг цахилгаанаар халаана гэвэл манай эрчим хүчний хүчин чадал дийлэхгүй. Харин сайжруулсан түлшийг хэсэг бүлгийн бизнесийг дэмжсэн үйл ажиллагаа болчихвий гэсэн болгоомжлол байгаа. МАН өмнөх алдааг давтаж болохгүй гэдгээ бүлэг дээрээ анхааруулсан. Тиймээс утаагүй түлш хэсэг хүний бизнес болохгүй гэдэгт итгэлтэй байхын тулд бүх түвшинд хариуцлагатай хандана.


САНАЛ БОЛГОХ