Олимпийн түүхэнд Монгол Улс 10 дахь мөнгөн медалиа хүртлээ

Мэдээ

“Рио 2016” Олимпийн наадмын анхны медалийг Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа эх орондоо авчирлаа. Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын гурав дахь өдрийн тэмцээнд эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан Д.Сумъяа мөнгөн медалийн төлөө "Лондон 2012" Олимпийн аварга, дэлхийн хошой аварга Японы алдарт бөх Каори Мацүмог барилдааны 22 секундэд цэвэр ялсан юм. Харин алтан медалийн төлөөх барилдаанд Бразилийн бөх, Дэлхийн аварга Рафаэла Сильвад оноогоор ялагдаж, мөнгөн медаль хүртлээ. Гэхдээ Олимпийн түүхэнд Монгол Улс 10 дахь мөнгөн медалиа хүртэж, Монголын эмэгтэй жүдочдын түүхэнд анхны Олимпийн медалийг авснаараа онцлог үйл явдал боллоо. Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа мөнгөн медаль хүртсэнээр Монгол Улс "Рио 2016" Олимпийн наадмаас медаль аваад байгаа 37 улсын нэг болж, багийн дүнгээр 21 дүгээрт бичигдэж байна. Өнөөдөр Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Ц.Мөнхзаяа, эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд ОУХМ О.Ууганбаяр нар хүч үзнэ. О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нар спорт гар бууны төрөлд өрсөлдөнө. Мөн боксын 60 кг-ын жинд Д.Отгондалай тулалдах юм.


САНАЛ БОЛГОХ