368 мянган иргэний хувьцаа борлуулсны төлбөрийн эхний хэсэг ирэх 7 хоногт дансанд нь орно

Хөрөнгийн зах зээл

Хувьцаагаа худалдах хүсэлтээ эхний ээлжинд гаргасан 368 мянган иргэний хувьцаа борлуулсны төлбөрийн гуравны нэг болох 100 мянган төгрөг ирэх долоо хоногт тухайн иргэний дансанд орно гэж Засгийн газрын хуралдаанд Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Ц.Туваан мэдээллээ. Одоогийн байдлаар “Эрдэнэс Таван Толгой” компанийн 1072 хувьцааг эзэмшиж байгаа, хувьцаагаа худалдах эрхтэй нэг сая 650 мянган иргэнээс 650 мянган иргэн хувьцааныхаа 30 хувь буюу 322 хувьцааг Засгийн газарт худалдах санал гаргаад байна.“Сайн хувьцаа” арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаасыг 15 хүртэл жилийн хугацаатай, дотоодын зах зээлд үе шаттайгаар гаргах юм байна. Улмаар “Эрдэнэс Таван Толгой” компанийн Төрийн эзэмшлийн энгийн хувьцааны ногдол ашиг болон тус компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдсанаас олох орлогоос эргэн төлөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлэн холбогдох гэрээ байгуулж ажиллахыг Сангийн сайд Б.Болорт даалгалаа. Монгол Улсын иргэний эзэмшиж байгаа 1072 хүртэлх энгийн хувьцаанаас эхний ээлжинд 322 хувьцааг багцаар нь 300 мянга 426 төгрөгөөр арилжааны банкуудаар дамжуулан олгоно. Харин цаашид үлдэх хувьцааг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан худалдан авахаар Засгийн газар шийдсэн байна. Харин одоогоор хувьцааны төлбөрийн эх үүсвэр арилжааны банкуудад олгогдоогүй байгааг Хас банкны зүгээс мэдээллээ.

О.Одгэрэл

Холбоо барих: odgerel.o@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com