Оюу Толгой: I улирлын орлого 5.7 хувиар нэмэгдэж, 237.5 сая ам.доллар болсон

Мэдээ

“Оюу Толгой” компанийн орлого энэ оны I улиралд жилийн өмнөхөөс 5.7 хувиар нэмэгдэж, 237.5 сая ам.доллар болсон байна. Үүнд зэсийн борлуулалтын дундаж ханш өндөр байснаас гадна борлуулсан баяжмал дахь зэсийн хэмжээ их байсантай холбоотой гэж “Оюу Толгой” компаниас мэдээллээ. I улиралд тус компани гүний уурхайн өргөтгөлийн ажилд 136.4 сая ам.доллар зарцуулсан байна. Мөн хэд хэдэн томоохон гэрээ байгуулсны нэг нь налуу нэвтрэлтийн материал зөөвөрлөх системийн гэрээ байгаа аж. Тайлант хугацаанд гүний уурхайн хөндлөн нэвтрэлт, II, V босоо амны нэвтрэлт, туслах дэд бүтцийн болон налуу ам, үйлчилгээний порталын ажлуудыг гүйцэтгэж байна. Мөн “Оюу Толгой”-ийн баяжуулах үйлдвэрт I улиралд өдөрт дунджаар 112.1 мянган тонн хүдэр боловсруулсан нь өмнөх улирлынхаасаа 5.1 хувиар нэмэгдсэн байна.

"Оюу Толгой компани I улиралд амжилттай ажиллалаа. Үйл ажиллагааны гол хэсгүүдэд дээд амжилт тогтоон ажиллаж, гүний уурхайн төслөө ахицтай урагшлуулсан" гэдгийг “Оюу Толгой”-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес онцолжээ.



САНАЛ БОЛГОХ