ОУВС-ийн шийдвэрийн дараа “MMC”-ийн хувьцааны ханш 24 хувиар өсөв

Мэдээ

Олон Улсын Валютын Сангийн захирлуудын зөвлөл Монголын Улсыг “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-т хамруулах шийдвэр гаргахтай зэрэгцээд гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьцааны ханш өөрчлөгдөөд байна. Тухайлбал, Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation”-ийн хувьцааны ханш пүрэв гарагт хамгийн өндөр буюу 24 хувиар өсөж, арилжааг хаасан байна. Үүнээс өмнө Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн яам “Тавантолгой”-ийн хэлэлцээг хийж эхлэх үед тус компанийн хувьцаа мөн 20 гаруй хувиар чангарчээ.

Түүнчлэн Хөшөөтийн уурхайд олборлолт явуулж байгаа “Mongolia Energy Corporation”-ийн хувьцаа 5.7 хувиар өссөн байна. Тус компани одоогоор БНХАУ-ын Шинжан Уйгурын Автономит бүсийн баруун хойд хилийн боомтоор хийдэг нүүрсний экспортоо түр зогсоогоод байгаа бөгөөд удахгүй үргэлжлүүлэх хүлээлттэй байна.

Үүнээс гадна Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй, Алтан Нар, Баян Хөндийн алт, зэсийн ордод хайгуул хийж байгаа “Erdene Resource Development” компанийн хувьцааны ханш 2.5 хувиар өссөн байна. Харин Улаан Овоогийн нүүрсний ордын олборлолтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Prophecy Development”-ийн хувьцаа 2.65 хувиар чангарчээ. “Prophecy Development” компани Улаан Овоогийн нүүрсний ордын боломжит хэрэглэгчдийн судалгааг хийж байгаа гэж санхүүгийн тайландаа дурдсан байна.

“Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулагчдын хувьд “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ханш 4.62 хувиар, “Rio Tinto”-ийнх 0.27 хувиар буурчээ.



САНАЛ БОЛГОХ