АМГТГ: 2017 он гарсаар 338 төлөвлөгөөг хянан баталгаажуулж, уулын ажлын 647 тайлан хүлээн авсан

Мэдээ

Ашигт Малтмал, Газрын Тосны газар өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн цахимаар компаниудын уулын ажлын төлөвлөгөө, тайланг хүлээн авч байна. Энэ хүрээнд зургаадугаар сарын байдлаар нийт 338 төлөвлөгөөг хянан баталгаажуулж, 647 тайлан хүлээн авчээ. Ийнхүү тайланг цахимаар хүлээж авсны гол давуу тал нь орон нутагт байгаа компаниудад илүү хялбар нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Үүнээс гадна Ашигт Малтмал, Газрын Тосны газар сонгон шалгаруулалт болон өргөдлийн журмаар тусгай зөвшөөрөл олгохоор болоод байна. Сонгон шалгаруулалтын журмаар 2015 онд найм, 2016 онд 30 тусгай зөвшөөрөл олгож байсан бол 2017 он гарснаас хойш зургаадугаар сарын байдлаар есөн тусгай зөвшөөрөл шинээр олгожээ. Улсын төсөвт 2015 онд 2.5 тэрбум төгрөг, 2016 онд 7.9 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан бол энэ I улиралд 5.1 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Одоогоор сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгох үйл явц хэвийн үргэлжилж байгаа аж.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр 18 сая га талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж тогтоосон бөгөөд үүнээс таван сая га талбай нь экологийн ач холбогдолтой талбайтай давхардсан байна. Тиймээс БОАЖЯ-аас гаргасан хүсэлтийн дагуу хайгуул хийх боломжтой талбайнхаа хэмжээг таван сая га-гаар багасгасан талаар Ашигт Малтмал, Газрын Тосны газар мэдээллээ. Үүнтэй уялдаад өргөдлийн журмаар тусгай зөвшөөрөл олгох ажил дөрөвдүгээр сард эхлэх байсан ч түр хугацаагаар хойшлуулсан, удахгүй олгож эхлэхээр төлөвлөж байгаа юм.

Хайгуулын тусгай зөвшөөрлийг идэвхтэй олгож эхэлснээр геологи хайгуулын салбарт жилд 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх нөхцөл бүрдэнэ гэж салбарын яам өмнө нь мэдээлж байв.




САНАЛ БОЛГОХ