Аж үйлдвэрийн гарц 43.9 хувиар өсөв

Мэдээ

Аж үйлдвэрийн гарц оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 43.9 хувиар өсөж, 5.9 их наяд төгрөгт хүрсэн байна. Уул уурхай, олборлох үйлдвэрлэл 54 орчим хувиар өссөн нь гол жин даржээ. Харин боловсруулах үйлдвэрлэл 33 хувиар өсөж, 1.1 их наяд төгрөг болсон талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. Харин хүнсний бүтээгдэхүүн ундааны үйлдвэрлэл 16 хувиар, төмрийн үйлдвэрлэл 60 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр компани давтах технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэх анхны ган бөмбөлгийн үйлдвэрээ өнгөрсөн хоёрдугаар сард ашиглалтад оруулсан бөгөөд нийт хүнд үйлдвэрлэлийн 44 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг төмөрлөгийн үйлдвэрлэл нэмэгдэж байгаа аж. Одоогийн байдлаар хүнд үйлдвэрт ажиллагсдын 65 орчим хувь нь төмөрлөгийн салбарт ажиллаж байна.

Үүнээс гадна сүү, сүүн бүтээгдэхүүний гарц нэмэгддэг улирал эхэлсэн учраас энэ салбарын үйлдвэрлэл оны эхний зургаан сард 71 хувиар өсөж, 51 тэрбум төгрөг болжээ. Засгийн газар жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “21:100” хөтөлбөрийг хэрэгжүүлж, энэ хүрээнд орон нутагт сүүний жижиг үйлдвэрүүд олноор нь байгуулахаар зорьж байна. Тухайлбал, "Монгол Драй Милк" компани 19 аймгийн 60 суманд өдөрт 1.5 тонн шингэн сүүл хуурайшуулах хүчин чадалтай төслийг санаачлан эхний шавыг нь тавьсан талаар ХХААХҮЯ мэдээллээ.

Түүнчлэн оны эхний хагас жилд мах, загас, жимс, ногоо, өөх тос боловсруулалтын үйлдвэрлэл 42 хувиар өсөж, 54.4 тэрбум төгрөг болсон байна. Монгол Улс махны экспортоо нэмэгдүүлэхээр зорьж байгаа бөгөөд энэ хүрээнд “Мах Маркет” компани энэ онд 3400 тонн мах, махан бүтээгдэхүүн Иран, БНХАУ, Вьетнам улсад экспортлохоор төлөвлөж байгаа ажээ.




САНАЛ БОЛГОХ