Үнэ уруудах үе

Сурвалжилга

Долоо хоногийн хугацаанд махны үнэ 95-370 төгрөгөөр буурчээ

Биднийг дөнгөж очиход тэдний ажил бараг шувтарч байлаа. Ардаа тэвштэй машинд мах ачиж ирсэн хүмүүс ачаагаа бараг барчихаж. Харин анх хэлсэн үнээсээ буулгалгүй борлуулчих санаатай хэдэн хүн л зогсож харагдана. Бас эцэнхий эсвэл өнгө алдаж, сааралтсан мах авчирсан хэсэг хүн ачааныхаа тэргийг түшин, тэвчээр заан зогсоно. Дэргэд нь хонины гулууз, үхрийн гуя өлгөсөн цуваа лангуу үргэлжилнэ...

Нийтлэлийн эхлэлийг уншмагц бидний хаана очсон нь уншигч таны санаанд бууж магадгүй. Махны үнийг сурвалжлахаар “Хүчит шонхор” худалдааны төвд ирээд буй минь энэ. “Хүчит шонхор”-ыг махны төрөлжсөн төв гэхэд хилсдэхгүй. Энд махыг бөөний болон жижиглэнгээр худалддаг. Жижиглэн нь дотроо үхрийн болон хонины мах зэргээр хэд хуваагддаг. Тиймээс эхлээд бог малын гулууз, бодын гуя, хааг жирийлгэн өрсөн бөөний тасгийг зорив. Энд ахиу авах тусам үнэ нь уруудна гэсэн зарчим үйлчилнэ. Дундаж үнийн хувьд Үнэ уруудах үе Долоо хоногийн хугацаанд махны үнэ 95-370 төгрөгөөр буурчээ хонины мах 3800-4000, үхрийнх 5000 төгрөгийн ханштай байв. Гэвч борлуулалт сайнгүй. Тасаг бүхэлдээ эл хуль. Үйлчлүүлэгчид сийрэг. Худалдаачид хийх юмгүй лангуу түшин зогсоцгооно.

Махны үнэ өмнөх оныхтой ижил түвшинд байна

Бөөний тасгийг орхиж, жижиглэнгийн худалдааг зорилоо. Жижиглэнгийн худалдаачид үхэр, хонины махаар хуваагдаж, хоорондоо зайтай хоёр тасагт арилжаа хийж байна. Үхрийн махны тасаг харьцангуй жижиг, бага зэрэг бүгчим. Мах, өөхний үнэр ханхийнэ. Гэхдээ удахгүй саруулхан талбайтай шинэ байранд орох гэж буй аж.

Махны жижиглэнгийн ханшийг асуухад худалдаачид дараах хариултыг өгсөн юм. Хариултыг инфографикаар харуулав.

Үхрийн мах ястай болон цулаасаа хамааран 6000-6500 төгрөгийн үнэтэй байна. Харин хониных 5500 төгрөг. Хавар ханш нээх үеэр бид “Хүчит шонхор”-ыг зорьж байлаа. Тухайд үед үхрийн килограмм мах 10 мянган төгрөг шүргэж байв. Махны олдоц муу. Нийлүүлэлт нь багассан тул үнэ нь ийнхүү чангарсан юм. Үүнтэй харьцуулахад өдгөө үнэ бууж байна. Бүр наадмын үеийнхээс ч хямдарч байгааг худалдаачид хэлэв. “Наамдын үетэй харьцуулахад хонины гулууз махыг килограммыг нь 5000 төгрөгөөс авч байлаа. Үүнтэй харьцуулахад үнэ нь буурчээ” гэж хижээл насны эмэгтэй ярьж байна. Үүнийг Нийслэлийн статистикийн газрын мэдээлэл ч батална.

Энэ сарын хоёр дахь долоо хоногтой харьцуулахад үхрийн мах 130-370 төгрөгөөр буурчээ. Хониных килограмм тутамдаа 95-240 төгрөгөөр хямдарсныг Нийслэлийн статистикийн газрын цахим хуудсанд тэмдэглэжээ. Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад үнэ ижил түвшинд байна. Гэхдээ цаг хугацааг илүү ухрааж, 2013, 2014 оныхтой жишвэл харьцангуй хямд байна.

“Хүчит шонхор” төв нь нийслэлд махны доод үнийг тогтоодог. Тэр утгаар бусад худалдааны төв, дэлгүүрээс үнэ хямд байдаг. Тиймээс “Хүчит шонхор”-ыг орхиж, бусад худалдааны төвийг зорилоо. Үхрийн мах дунджаар 6900, хониных 5800 төгрөгийн үнэтэй байна.


Монголчууд түлхүү хэрэглэдэг үхэр, хонины махны үнэ ийм байна. Тэгвэл ямаа, тэмээний мах харьцангуй өндөр ханштай байлаа. Өмнөх жилүүдийн жишгээр энэ төрлийн махны үнэ нь хонь, үхрийнхээс хямд байдаг. Тэгвэл өдгөө хонины махны үнэтэй зэрэгцжээ. Борлуулалт нь ч муугүй байгааг худалдаачид хэлж байна. Ер нь махны зах зээлийн эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байгаа аж. Махны олдоц ч хэвийн байгааг худалдаачид ярьсан. Мөн нийт нутгаар зуншлага сайн байгаагаас малын тарга, хүч ч муугүй байгаа аж.

Ямаа, тэмээний махны үнэ харьцангуй өндөр байна.

Махны борлуулалт наадмын үеэр сэргэжээ. Гэвч удалгүй буурсан байна. Нийслэлчүүд хөдөө, гадаа, аялал зугаалгаар явсан зэрэг шалтгаанаас махны борлуулалт сайнгүй байна. Бас энэ жилийн хувьд борлуулалтад тааруу дүр зураг давамгайлж буй ажээ. “Өмнөх жилүүдэд өдөрт хоёр үхрийн мах борлуулчихдаг байлаа. Одоо бол нэг үхрийн мах борлуулж чадахгүй сууж байна. Бас үхрийн гуя бүхлээр авдаг хүн ч ховор болж. Өмнө нь 10, 20 килограммаар мах авдаг байсан үйлчлүүлэгчид маань өдгөө 1-2 килограммаар зөөж байх жишээтэй” хэмээн нэгэн борлуулагч ярьж байлаа. Статистик үзүүлэлтийг харахад махны үнийн муруй тав, зургадугаар сард дээшилдэг. Улмаар долоо, наймдугаар сард эргэн буурдаг. Ийм жишиг ажиглагддаг. Тэгвэл энэ дагуу одоо уруудаж буй махны үнэ улам ч доошлох нь.

Сэтгэгдэл
Зочин
122.201.24.121
Oshoo buulgaa tegvel harts arduud chini hudalj aviya. bid nart belen mongo baigaa harin ta nart bol baihgui ulaan mah l baigaa shuu dee?
САНАЛ БОЛГОХ