Зүүн бүс өвөлд бэлэн
2020 он гэхэд зүүн бүсийн эрчим хүчний эрэлт 104 мегаваттыг давах тооцоо гарчээ
Үргэлжилсэн их нүргээн, үл зогсох халуун урсгалыг санахад одоо ч чих дөжирч, толгой манарч байна. Өдөр, шөнөгүй нүүрс залгилж, утаа уугин, уур савсах. Тасралтгүй гэгээ цацан, илч түгээх... Амьдрал энд л буцалж байна.
“Дорнод бүсийн эрчим хүчний систем” хэмээн ажлынхаа хувцасны ард хадчихаж. Станцын ажилчид ногоон цамцаар жигдэрч, шар хамгаалалтын малгайгаар ижилсжээ. Хэсэг нь хянах самбарын ард сууж, зарим нь станцын турбины ойр хавьд ажиллана. Бид Дорнод дулааны цахилгаан станцад хүрэлцэн ирээд буй нь энэ.
Эрчим хүчний дэд сайд Т.Гантулгаар ахлуулсан Ажлын хэсэг Зүүн бүсийн цахилгаан, дулааны бэлэн байдалтай танилцлаа. Энэ хүрээнд бүсийн эрчим хүчний системийн тулгуур Дорнод дулааны цахилгаан станцад зочилсон юм. Тус станц нь “Дорнод бүсийн эрчим хүчний систем”-ийн нэг хэсэг. Албаны хүний өгсөн мэдээллээр энэ системийн эрчим хүчний нийт ачаалал өмнөх оны сүүлч 2016 оны эхний байдлаар 36.1 мегаватт-д хүрч, хүчин чадалдаа тулсан. Мөн дулааны үйлдвэрлэл нь өссөөр, хүчин чадлынхаа 77 хувьд хүрээд байгаа аж.
Учир нь зүүн бүсийн эрчим хүчний эрэлт тасралтгүй өсөн, нэмэгдэж байгаа. Нар мандах нутаг гэгддэг энэ бүсэд “Шанлун”, “Петрочайна Дачин Тамсаг”, “Цайрт менирал”, “Шинь-Шинь”, “Улааны орд” зэрэг уул уурхайн томоохон компаниуд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй. Тиймээс цахилгааны ачаалал нэмэгдэх төлөвтэй байна. Ирэх онд гэхэд цахилгааны хэрэглээ 35.5-36.5 мегаватт-д хүрэх урьдчилсан тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл, яг хүчин чадалдаа тулна гэсэн үг.
Гэтэл энэ хугацаанд гэмтэл, саатал гарвал систем бүхэлдээ доголдож, эрчим хүчний дутагдалд орж болзошгүй. Ийм эрсдэл хүлээж байгаа аж. Тиймээс уул уурхайн томоохон хэрэглэгчдийн эрчим хүчний эрэлтийг хязгаарлахаар тусгаад байгаа юм билээ.
2020 он гэхэд бүсийн эрчим хүчний эрэлт 104 мегаваттыг давах тооцоо гарчээ. Өсөн нэмэгдэж буй эрэлт өнөөгийн хүчин чадлыг давна гэсэн үг. Иймд цахилгаан станцыг өргөтгөх шаардлага тулгарч байгаа аж. Монгол Улсын Засгийн газраас 2016 онд багтаан цахилгаан станцын өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлэхээр тусгасан. 2018 онд гэхэд хүчин чадлыг 50-100 мегаваттаар өргөтгөхөөр төлөвлөсөн байна. Энэ ажилд нийт 90 орчим сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо ч гарчээ. Гэвч улсын төсвийн нөхцөл байдлаас шалтгаан энэ ажил урагшлаагүй байна.
Угтаа бидэнд яаравчлах шалтгаан бий аж. Учир нь урд хөршөөс Дорнод аймгийн боомтуудаар дамжуулан цахилгаан дамжуулах шугам барих хүсэлтээ тавиад байгаа юм билээ. Эрчим хүчний дэд сайд Т. Гантулга ч энэ ажлыг яаравчилахаа амлав.
» Урд хөршөөс цахилгаан дамжуулах шугам барих хүсэлт тавьжээ.
» Урд хөршийн “Жунхай” группээс Дорнод аймгийн Баян-Түмэн суманд байрлах хүрэн нүүрсний ордод түшиглэн цахилгаан станц барих санал тавьжээ.
» Багануурын уурхайн олборлолт болоод нийлүүлэлт хэвийн байна.
Дорнод бол өргөн боломжийн өлгий. Урд болон хойд хөрштэй зэрэг хиллэдэг. Худалдаа, арилжаа, хөдөө аж ахуй хөгжих боломжтой нутаг. Үүнээс гадна газрын тосны хайгуулын ажил ч үргэлжилсээр байна. Тэрчлэн тус аймагт хиллэдэг урд хөршийн мужуудад эрчим хүч дутагдалтай хэвээр байгаа аж. Иймд байгалийн баялагтаа түшиглэн эрчим хүч экспортолж, орлого олох боломж бий. Урд хөршийн “Жунхай” группээс Дорнод аймгийн Баян-Түмэн сумын нутагт байрлах хүрэн нүүрсний томоохон ордод түшиглэн том чадлын цахилгаан станц барих санал тавиад байгаа аж. Одоо яриа хэлэлцээ үргэлжилж байна. Тус компани экспортын чиглэлийн 3000-5000 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц барихаар төлөвлөжээ.
Тэрчлэн Дорнод Дулааны цахилгаан станц нь нэгдсэн системээс тусдаа, бие дааж ажилладаг. Тус системийн өндөр ачаалалтай шугамуудад гэмтэл гарсан тохиолдолд системийн тогтвортой ажиллагаа алдагдаж, ослын байдалд шилждэг байна. Иймд Багануур- Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн цахилгааны шугам барьж, нэгдсэн системтэй холбох зайлшгүй шаардлагатай байгааг аймгийн удирдлагууд уламжлав.
Эдгээр эрсдэлийг эс тооцвол Дорнод аймаг дулаан, цахилгааны өвөлжилтийн бэлтгэлээ базаажээ. Тэрчлэн аймгийн дийлэнх суманд цасан бүрхүүл тогтсон. Цагаан зудархуу байдалд шилжжээ. Тус аймгийн Баян-Уул, Баян-Дун зэрэг хойд талын суманд 25-30 см хүртэл зузаан цасан бүрхүүл тогтоод байгаа аж. Энэ зун бороо хур оройтож орсон, ургамлын гарц сийрэг байсан. Иймд зарим суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байна.
Өвөлжилтийн бэлтгэл хангаж байгаа ч хүндэрсэн тохиолдолд энэ нь 1-2 хоногийн нөөц болохыг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ярилаа. Энэ өвөл Дорнод аймагт нийт 4000 өрхийн 1.6 сая толгой мал өвөлжинө.
Үүнээс гадна төвийн бүсийн илч, гэрлийн эх үүсвэр Багануурын уурхайн үйл ажиллагаатай танилцсан. Тус уурхай төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг. Нийслэлчүүдийн цахилгаан, дулааны голомт юм. 812 сая тонны нөөцтэй тус уурхай энэ онд 3.7 сая тонн нүүрс нийлүүлэхээр төлөвлөж байна. Олборлолт болоод нийлүүлэлт хэвийн байгааг “Багануур” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр ярилаа. Багануур өвөлд бэлэн байгаа ажээ.
Уурхай, станцууд хамтран өвөлжилтийн бэлтгэлээ базааж байна
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй