Жаран жил илчээр тэтгэх хүч
Багануурын уурхайн бүтээн байгуулалтад 867 сая ам.доллар шаардлагатай
“Музей” гэх хаягтай өрөөнд ортол шилэн хоргонууд эгнэжээ. Цэмцгэр бас цэлгэр юм. Энэ өрөөг гавьяа, шагнал, гавшгайчдын гэрэл зургаар чимжээ. Бас хүрз, зээтүү, хүнд даазын машин, төхөөрөмжийн загварыг шилэн хоргонд нандигнан хадгалсан байв. Дөнгөж саяхан дэргэдүүр нь өнгөрсөн аварга уурхайг ч шилэн хоргонд босгочихож. Уурхайн хөрсний давхаргууд, хэрэн сүлжилдэх аварга машинууд. Ил уурхайн бодит төрхийг энд бүрдүүлжээ. Шилэн хоргоноос аварга уурхайг тольдоход ойлгомжтой хийгээд үзүүштэй. Харин уурхайн өмнө хатуулаг биет тавьж, 100 сая тонн хэмээн хар дээр цагаанаар зурайлган бичсэн байлаа.
Бид 2015 оны хоёрдугаар сарын 9-нд 100 сая тонн нүүрсээ олборлосон Багануурын уурхайд хүрэлцэн ирээд буй нь энэ. Нэг жилийн өмнө Монголын уул уурхай, нүүрсний салбарт тод мөрөө үлдээсэн Багануурын уурхайчид тэр амжилтаа компанийнхаа музейд ийн баталгаажуулжээ. Тэгвэл одоо ч амжилтын буухиа нь үргэлжилж байна.
“Багануур” хувьцаат компани уурхайн нөөцөө 30 орчим хувиар ахиулжээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэмэлт хайгуул хийж, ордын нөөцөө 274 сая тонноор өсгөж, 812 сая тоннд хүргэсэн.
Мөн олон улсын JORC стандартаар нөөцөө үнэлүүлжээ. Энэ ажлыг Монгол, АНУ-ын хамтарсан түншлэл "Эрдгео”, “Norwest” компани гүйцэтгэсэн.
Одоо 40 насны босго дөхөж буй Багануурын уурхайг дахин 58 жил ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл, нэгэн жаран Багануурыг хүлээж байна. Тэгвэл ирэх жарныг элээх хөгжлийн хөтөлбөрөө тус компани баталжээ. Уурхайн хаалт хүртэлх хөгжлийн зураглал цаасан дээр буусан. Энэхүү хөгжлийн хөтөлбөр буюу Техник, эдийн засгийн үндэслэлийг нь Монголын “Балчулуу”, Австралийн “Runge Pincock Minarco” компани хамтран гүйцэтгэсэн.
“Энэ нь энгийн нэг ТЭЗҮ биш. Дэлхийн стандартад нийцсэн, олон улсын хөрөнгө оруулагчдын шаардлага хангасан баримт бичиг” гэж “Runge Pincock Minarco” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал өгүүлсэн. Ингэснээр олон улсын банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчдаас санхүүжилт татах, итгэлийг нь олох боломж улам нээгдэж байгааг “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан тодотгов.
Багануурын уурхайг дахин 58 жил ашиглах боломжтой
Шинэ ТЭЗҮ ёсоор өдгөө жилд 3.8 сая тонн нүүрс олборлож буй Багануурын уурхай 2020 он гэхэд 10 сая тонн нүүрс олборлоно. Олборлолтоо ирэх таван жилийн хугацаанд үе шаттай ахиулахаар төлөвлөж байна. Тодруулбал, энэ онд Багануурын уурхайчид дөрвөн сая тонн нүүрс олборлох зорилт тавин ажиллаж байгаа. Харин ирэх онд 4.5, 2018 онд 6.5 сая тонн гэхчилэн 2020 онд оргил хүчин чадалдаа хүрэх аж.
Бас энэ хэмжээний нүүрсийг хэрхэн ашиглах талаар ТЭЗҮ-д нарийн тусгажээ. Тодруулбал, 10 сая тонн нүүрсний 50 хувийг Улаанбаатар хотын дулаан, цахилгааны станцуудад нийлүүлнэ. Мөн гурван сая тонн нүүрсийг Багануур дүүрэгт босох дулааны цахилгаан станцад, харин үлдсэн хоёр сая тонныг хийжүүлэн, цэвэр эрчим хүч болгох аж.
Ойрын жилүүдэд уурхайд түшиглэн 700 МВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа. Үүнээс гадна нүүрс хийжүүлэх үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Дэлхийн банкны санхүүжилтээр боловсруулж буй. Удахгүй Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлэхийг Дэлхийн банкнаас мэдээлсэн. Үүнээс үзэхэд Багануурын уурхай бууриа тэлэх нь. Энэ бүтээн байгуулалт, өргөжилтөд багагүй хөрөнгө оруулалт шаардлагатай. Тодруулбал, Багануурын уурхайн бүтээн байгуулалтад 867 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоог ТЭЗҮ-д тусгажээ. Гэхдээ эхний таван жилд 160 сая ам.доллар хэрэгтэй. Энэ хэмжээний мөнгийг татан төвлөрүүлж, ажлаа ахиулж, бүтээн байгуулалт өрнүүлж чадвал дараагийн санхүүжилтийг үйл ажиллагааны ашгаасаа олохоор байна.
Бүтээн байгуулалтад 867 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоог ТЭЗҮ-д тусгажээ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй