ОХУ болон БНТУ харилцаагаа дахин сэргээнэ
БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан мягмар гарагт Санкт Петербург хотод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзжээ. Өнгөрсөн 11 дүгээр сард ОХУ-ын байлдааны онгоцыг БНТУ-ын тал буудаж унагасны улмаас хоёр улсын харилцаа тасраад байсан бөгөөд үүнээс хойш Төрийн тэргүүнүүд анх удаа уулзаж байгаа ажээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ “Эвдэхэд амархан, Эвлэхэд хэцүү” гэсэн Оросын нэгэн зүйр үг байдаг. Энэ нь аливаа зүйлийг эвдэж, үгүй болгоход амархан ч эргээд бүтээхэд хэцүү гэсэн утгатай. Миний ойлгосноор, бид бүгдийн ойлгож байгаагаар БНТУ болон ОХУ нь тэр хэцүүг давж, хоорондын харилцаагаа дахин сэргээхэд хамтын хүчээ дайчилна гэдэгт итгэж байна” гэж хэлсэн юм. Хоёр улсын Ерөнхийлөгч харилцаагаа дахин сэргээж, өмнө нь хэлэлцэгдэж байсан эрчим хүчний томоохон төслүүдээ эхлүүлэхээр харилцан тохиролцсон байна. Үүнд ОХУ-ын санаачилсан байгалийн хийн хоолойн төсөл болон БНТУ-ын анхны цөмийн цахилгаан станцыг тус улсаар бариулах төсөл багтаж байгаа юм. Мөн ОХУ, Туркийн худалдааг зуун тэрбум ам.долларт хүргэх зорилтын төлөө дахин хамтран ажиллахыг хүсэж байгаагаа БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан мэдэгджээ.
БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан “Өмнө нь хоёр улс зуун тэрбум ам.долларын худалдааны эргэлттэй байх зорилтыг тавьж ажилладаг байсан. Одоо энэ зорилтыг дахин өмнөө тавьж ажиллах хэрэгтэй гэж бид бодож байна. Хэрвээ бид БНТУ, ОХУ-ын худалдаанд саад болж буй бэрхшээлийг давж гарч чадвал энэ зорилтдоо хүрэх шинэ замналыг бий болгох юм “ гэж онцолсон юм. 11 дүгээр сард ОХУ-ын онгоцыг унагасны дараа тус улс БНТУ-аас бараа, бүтээгдэхүүн худалдан авахаа зогсоож, тус улсын жуулчдыг хил нэвтрэхийг хориглосон шийдвэр гаргаад байв. Энэ явдлаас хойш долоон сарын дараа буюу өнгөрсөн зургадугаар сард БНТУ-ын Ерөнхийлөгч ОХУ-ын онгоцыг сөнөөсөн явдалдаа албан ёсоор уучлалт гуйсан бөгөөд үүний дараа хоёр тал аль аль нь эдийн засгийн болон худалдааны харилцаагаа сэргээхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй