Гайхширлаас эхэлсэн түүх

Технологийн цаг

Битүүмжилсэн халаагуур нь эрчим хүчийг 3-4 дахин хэмнэнэ

Бүх зүйл гайхширлаас эхэлж л дээ. Сансарт хасах 200-н градус давж, хүйтэрдэг. Гэтэл энэ хөлдүү орон зайд сансрын нисэгч, судлаачид яагаад хөлдчилгүй амьдраад байдаг юм бол? Ийм нэгэн гайхширал бага наснаас сансар, огторгуйг шимтэн судалсан хэсэг залуусын сонирхлыг татаж, толгойг нь гашилгадаг байв. Голдуу инженерүүдээс бүрдэх энэ залуус сансрын уудамд буй тэр дулаацуулагчийг олохоор судалгаа хийж эхэлжээ. Эцэст нь нарны эрчим хүч ашиглан, вакум буюу битүүмжилсэн аргаар сансар дахь аварга хөлгүүдийг халаадгийг олж мэдсэн байна. Энэ технологийг АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг 1990-ээд оны эхээр нээж, нэвтрүүлсэн аж.

Ингээд хөлдүү сансрын халаагчаар дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Улаанбаатарыг дулаацуулах, утааг нь бууруулах санаа төржээ. Энэ хүрээнд эхлээд сансарт ашигладаг хоёр халаагуурыг НАСА-гаас худалдан авсан байна. Улмаар нэг бүрчлэн задалж, нарийн судалжээ. Эцэст нь энэ халаагч нь ердийн төхөөрөмжтэй адилгүй, онцгой бүтэцтэй болохыг нь олжээ. Тэр онцлогийг нь ашиглан эрчим хүчинд хэмнэлттэй халаагуур бүтээх ажилдаа ханцуй шамлан оров. Гэхдээ амаргүй байсан нь мэдээж.

Сансрыг ойртуулж, санаагаа бодит болгох гэсээр даруй зургаа, долоон жилийг зарцуулсан. Энэ хугацаанд бүтээгдэхүүн буй болгох, түүнд зориулж хөрөнгө босгох зэрэг амаргүй ажлуудыг нугалснаа тус компанийнхан ярьж байна. Эдгээр бартаа, саадыг давсны эцэст эрчим хүчинд 3-4 дахин хэмнэлттэй, битүүмжилсэн халаагуур бэлэн болоодохов. Ингэж гайхширал гайхамшигт бүтээл болсон түүхтэй. Энэ түүхийг “Best energy savings” (BES ) компанийн хамт олон бүтээжээ.

Тус компанийн талаар өгүүлэхээсээ өмнө тэдний шинэ бүтээлтэй танилцъя. Үүний тулд тоо бодож, тооцоо хийе. Уншигч танд ойлгомжтой болгохын тулд 50 ам метр талбай бүхий байшингаар жишээ авъя. BES-ийн нэг радиотор 10 ам метр талбайг 20 градусаас дээш халаана. Харин 50 ам метр бүхий талбайд 4-5 халаагуур шаардлагатай гэсэн үг. Нэг радиотор 200 гаруй мянган төгрөгийн үнэтэй. Тэгвэл дундаж байшингийн дулааныг энэ технологиор шийдэхэд нэг сая орчим төгрөг зарцуулна. Үүнээс гадна нэмэлт материал болон ажлын хөлс зэргийг нэмж тооцвол 1.2 сая төгрөгт хүрэхээр байгааг тус компанийнхан тайлбарлав.

Гэхдээ энгийн халаагчаас 3-4 дахин хэмнэлттэй төхөөрөмжийг суурилуулсныхаа үр өгөөжийг хэрэглэгч та төд удалгүй хүртэнэ. Учир нь тус төхөөрөмжийн цахилгааны зардал сард дунджаар 100,000 төгрөг гэж нэгэн хэрэглэгч хэлсэн. Тэгэхээр ижил төрлийн цахилгаан халаагууртай харьцуулахад хамаагүй хямд. Нүүрс түлж, халаалтаа шийддэг уламжлалт аргатай харьцуулашгүй болох нь харагдана. Үүнээс гадна утаа гэгч аюулын харангаас ч хамгаална. Ингээд бодохоор гэр хорооллын утааг бууруулах нэг гарц нь энэ.

Нэг гэрт гурван халаагуур байхад дулаахан өвөлжчихнө

Учир нь монгол гэрт ашиглах боломжтой. Таван ханатай гэрээр жишээ татъя. Нэг гэрт гурван ширхэг битүүмжилсэн төхөөрөмж байхад л дулаахан өвөлжчихнө. Нэг айл өвлийг өнтэй давахад дунджаар 400- 500 мянган төгрөг зарцуулдаг аж. Тэгвэл энэ технологийг ашигласнаар хоногт 1200, сард 36 мянган төгрөгийг дулаанд зарцуулах тооцоо гарчээ. Ингэж хэмнэж чадаж буй айл өрхүүд ч байна.

Айл өрхөөс гадна албан байгууллагын халаалтыг энэ технологиор шийдэж байна. Тухайлбал, хотын төвд байрладаг хүүхдийн нэгэн цэцэрлэгийн ойр орчимд орон сууцны барилга шигүү барьснаас халаалт, дулаан нь хангалттай хүрэлцэхээ больжээ. Цэцэрлэгийн жаалууд ч өвлийг зэврүүн байранд зутруу өнгөрөөж, өвчин эмгэг тусах нь нэмэгдсэн байна. Иймд эцэг, эхчүүд нь санаачилга гарган, тус компанийн халаалтын системийг нэмж суурилуулж, халуун, дулаан түгээсэн аж. Мөн хэд хэдэн цэцэрлэгийн халаалтыг тус технологиор бие даан шийдэж байна. Ер нь BES-ийн бүтээлийн “ид шид” үүгээр дуусахгүй. Зарим төрлийн төхөрөөмжтэй хослон халаалтаас гадна хэрэглээний халуун усны асуудлыг шийдэж болно. Ингэснээр гэр хорооллын иргэд, төвийн эрчим хүчний системээс алслагдсан айл өрхүүд дулаан болон хэрэглээний халуун усныхаа асуудлыг давхар шийдэх боломжтой.

Тус компани бүтээгдэхүүнээ БНХАУ-д захиалгаар хийлгэдэг. Учир нь энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэр нь өндөр өртөгтэй. Тодруулбал, нэг сая ширхэг битүүмжилсэн халаагуур үйлдвэрлэхэд нийслэлийн агаарын бохирдлыг мэдэгдэхүйц бууруулж чадна гэж тэд үзэж байна. Харин ийм хэмжээний хүчин чадал бүхий үйлдвэр байгуулахад таван тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

Харамсалтай нь ингэж гадаадын үйлдвэрт захиалгаар хийлгэж байхдаа тэд зарим технологио урд хөршид алдсанаа ч нуусангүй. Бүтээгдэхүүнийг захиалгаар хийдэг байсан БНХАУ-ын үйлдвэр хэдийнэ санааг хуулбарлан, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэчихсэн байсан аж. Гэхдээ тэд бүтээгдэхүүнээ улам дэвшилт болгож байна.

Налгар зун цаашилж, хүйтний ам наашилж байна. Өглөө, оройдоо жиндэж, даардаг болсныг уншигч та анзаарсан биз дээ. Тэгвэл монгол инженерүүдийн бүтээл, эрчим хүчинд хэмнэлттэй энэ технологи өвлийг ажралгүй давах, Улаанбаатарын утааг арилгах нэг гарц нь. Гайхшралаас эхэлсэн нэгэн санаа өдгөө гайхамшигт түүх болсон нь энэ.


САНАЛ БОЛГОХ