Урлагийн их хур оюун ухаанаас илүүд үзэгдэх цаг үе

Судлаачийн үг

МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн 25 жилийн ойн ёслолын ажиллагаанд хүндэтгэлийн лекц уншсан нэрт эрдэмтэн физикч Х.Намсрай багшийн ярьснаас сэдэвлэн доорхи сэдвийг хөндөе гэж шийдлээ. Тэрээр орчин физикийн шинжлэх ухааны тухай өгүүлсэн боловч хүмүүний тархины шавхагдашгүй их баялгийн талаар оршил болгон өгүүлснийг би ихэд олзуурхан, интернэт рүү орж мэдээлэл цуглуулан, өөрийн хувийн бодлыг дор буулгалаа. Таалах, таалахгүйг уншигчид мэдэх хэрэгтэй. Харин зохиогч намайг багахан шиг л үзэн ядаарай хэмээн хүлцэе!

Урлагийн их хур хөгжлийн локомотив биш хэмээн би 20 гаран жил бичиж ухуулж байна. Тэр ухуулгаа энд дахин нотлож, мэдлэгт суурилсан эдийн засгаар (K-ECONOMY) Монголын нийгэм үндэс сууриа хийвэл хөгжлийн үсрэлт, тэсрэлтийн жилүүд ойрхон гэдэг санааг дахин дэвшүүлье. Эхлээд “хүмүүн” гэгч энэ бодгаль материйн барагдашгүй их хүч нөөц рүү өнгийе. Хүний тархийг биеийн жинд нь харьцуулж үзвэл хүнээс том, лут тархитай амьд биет, амьтан гэж ертөнц дээр байхгүй. Хүний тархи их, бага, дунд, уртавтар гэсэн 4 бүрдэлтэй, их тархи нь хоорондоо хоршиж ажилладаг хоёр тал бөмбөлөгөөс бүрдэх ба түүнийг бид баруун тархи, зүүн тархи гэж энгийнээр нэрлэдэг. Хүн эхээс төрөхдөө л 100 тэрбум идэвхтэй мэдрэлийн эстэй төрдөг бол бич 10 тэрбум, хулгана 5 сая, ялаа 100 мянга гэхчлэн биологийн талаас нь авч үздэг. Психологийн талаасаа хүний мэдрэлийн ганцхан эс 20 мянган салаа мөчирт мэдээлэл хадгалах боломжтой, хүний тархийг гүйцэх хүчирхэг компьютерыг хүн төрөлхтөн бүтээж чадаагүй, чадах ч үгүй, учир нь хүний мэдрэлийн эс бүр эдүгээгийн хүчирхэг компьютеруудын хүчин чадалтай тэнцэнэ. Интернэтээр дамжуулах гурван өдрийн мэдээллээс даруй 15 дахин их мэдээллийг хүний тархи ганцхан секундэд дамжуулах аугаа их чадалтай хэмээн эрдэмтэд тооцож гаргажээ.


Энд зөвхөн “хүмүүн” гэгч амьд бодгаль дээр авч ярьж байгаа болохоос “монгол хүн”, “америк хүн”, “япон хүн”, “орос хүн”, “хятад хүн”, “жүүд”, “цыган”, “негр”, “полинез” гэж огт ялгаагүй байгааг тэмдэглэе. Ингэж урьдчилан сануулах нь хожим гарах шүүмжлэлийг тайлахад уншигч Танд хэрэгтэй.

Бидний гайхамшигт энэ уураг тархи ямар их багтаамжтай, амьдрах хөгжих нөөцтэйг Та дээрхи хэдхэн баримтаас харлаа. Хүний тархины хоёр тал бөмбөлөг хоёул тус тусын үүрэгтэй, зүүн тал нь нэн чухал тэр дундаа өнөөгийн монголчууд бидэнд зүүн тархиа байнга, системтэй, бүр үхэн үхтлээ хөгжүүлж байх аваас нөгөө хөгжлийн локомотив чинь тэнд бүрдэх учиртай юм. Хар ухаанаар төсөөлбөл шүү дээ. Мэдээж баруун тархи хэрэгтэй, гэхдээ нэг хэсэгтээ тэгтлээ хөгжиж байх албатай биш.

Алив нийгэмд хөгжлийн тэргүүлэгч, дагалдагч салбар гэж байдаг, тэргүүлэгч гэдэг нь чирэгч, локомотив болох – экспорт, банк, бизнес, капиталын хуримтлал, хөрөнгийн зах зээл, тэдгээрийг ажиллуулагч хүмүүний мэдлэг, хөдөлмөр чармайлт, бизнесийн овсгоо, орчныг хэлдэг. Дагалдагч салбар гэдэгт урлаг, спорт, уран сайхан, зугаа цэнгэл нь орно. Эхнийх нь аль ч улсад байх шаардлагатай бол хоёр дахь нэг хэсэгтээ байхгүй байж болно. Миний бичсэн энэ хэсэг хүний тархины зүүн, баруун хоёр талын хөгжлийн түвшинг тодорхойлж байна.

Зүүн тархи бол бүхэлдээ мэдлэгт суурилж, тэнд шинжлэх ухаан, танин мэдэхүй, логик, математик, философи, дүн шинжилгээ, ном зохиол, бичиг баримт төвлөрдөг бол баруун тархинд уран сайхан, урлагийн мэдрэмж, хөгжмийн чадавхи, өнгө дүрслэл, дуу авиаг хүлээн авах чадвар гэхчлэн махчилбал зүрхэнд тусаж тархинд өрөмдсөн гоё хурц зүйлс илүү төвлөрдөг байх юм.

Өрнийн психологийн судлалд Neuro Linguistic Programming (NLP) гэгч онол хүчтэй түгж, аливаа юмс үзэгдлийг түүний хуулиар тайлбарлах болжээ. Хүний зүрхэнд тусаж тархинд өрөмдсөн гоё хурц үзэгдэл, юмс хүмүүнийг хэрхэн залдаг тухай судлах энэ онолоор бол Visionary – хараандаа бүх юмыг сонгож тогтоох, Auditory-сонсголоор дамжиж тархиндаа суулгах гэгч хоёр өөр үйлдэл нэг цэг дээр төвлөрч “зүрхэнд тусаж тархинд өрөмдсөн” дурсамж үлддэг хэмээн номлодог. Үндсэндээ баруун тархины хэт хөгжлөөс нийгэмд учрах үр дагаварыг (уршиг ч байх болох) NLP онол судалж дүгнэдэг болжээ. Баруун тархины хэт хөгжил нь яваандаа бор тархины саажилтад хүргэж, хүн өөрөө хөгжихөө больдог тухай NLP онол номлодог.

Хэдийгээр Монголд энэ талаар ямар нэг судалгаа, ядаж мэдээллийн наад захын ойлголт нэвтрээгүй ч NLP-г зайлшгүй оруулж хэвшүүлэх хэрэгтэй хэмээн би хувьдаа үздэг. Учир нь монголчуудын дийлэнх хэсгийн баруун тархи хэт хөгжөөд, зүүн тархи нь хоцроод, тэр нь саажилт болж даамжраад, цаашлаад нийгмийн хөгжил дээрээ сөргөөр нөлөөлж байгаад хамгаас их бухимддаг хүний хувьд би ингэж ухуулж байна.

Эхээс заяасан 100 тэрбум идэвхтэй мэдрэлийн эсээ гүйцэт ашигласан хүн ертөнц дээр байдаггүй, гэвч үлэмж шавхсан суутнууд бол бий. К.Маркс, А.Эйнштэйнээс авахуулаад Нобелийн шагналт эрдэмтэд, жүүдийн алдартнууд гээд олныг нэрлэж болно. Ер нь 100 тэрбум эсийн үлэмж хэсгийг бүтээлчээр ашигласан хүмүүсийг хэлж байна. Ертөнцийн хүний дийлэнх нь энэ их эсийн 10-аас доош хувь, хөгжиж буй ертөнц, буурай орнуудад бол ихэнхдээ ердөө 2-3 хувийг ашигласан байдаг.


Манайхны барагдашгүй энэ их дуу хуур, угсраа угсраагаараа төрж буй дуучид, урлаг, уран сайхан, хошин урлаг, үндэсний спорт, цэнгүүн шоу, шил дарсан FM-үүд, мянга мянган фэн бол бүгд бор тархины баруун талын хэт үзүүлэлт юм. Зөвхөн мал, адгуусанд зориулсан дуу гэхэд л хэдэн зуугаараа байдаг, дуулагддаг ганцхан жишээгээр монголчуудын энэ уран сайханлаг чанарыг нотлож болох бөгөөд оюун ухаан, мэдлэгийг шүтсэн дуу шүлэг бараг байхгүй.

Баруун тархины хэт хөгжилтэй улс үндэстнээс өсч өндийсөн, хүчирхэгжсэн, баяжсан нь нэн ховор
Нүүдэлчний соёл дээр суурилсан утга урлаг, уянгын сэтгэлгээ нь Монголыг дуучдын ба бөхийн өлгий нутаг болгосон нь чухамдаа дэвшил баймаарсан. Гэвч баруун тархины хэт хөгжлөөс нийгэмд учрах үр дагаварыг судлах (уршиг ч байх болох) NLP онолоор бол дэвшил бус, харин уруудалт гэнэ. Бичиг үсэг бараг тайлагдаагүй хэрнээ хэдэг зуун дуу цээжилчихсэн дуулж яваа монгол хүн дэндүү олон, ялангуяа хөдөө болон хотын захын барлаг хороололд чухам аль чихээрээ оруулаад гаргадаг юм, тархи толгойных нь хаана зай эзэлж багтдаг юм гэмээр байх нь баруун тархиных нь хөгжлийн зохисгүй зарцуулалт юм.

Ихэнхи монголчууд заяагдмал оюуны чадвараа илрүүлэх сонирхолгүй, баруун тархиных нь бүх зайг энэ их зохиолын ба нийтийн элдэв дуу, дуучин, хамтлаг, хөгжмийн зохиолч, хошин урлаг, яруу найраг, яруу найрагч, бөх, бөх сонирхогч, засуулч, морь, уяач эзлээд, тэгснээрээ баруун тархиных нь үлдэх хэсгийн зарцуулалт хөгжилгүй болж, зүүн тархины наад захын шаардлага болох тасралтгүй суралцах чадвар эрс суларсан дүр зураг харагддаг. XXI зууны жирийн иргэний эзэмшсэн байвал зохих үндсэн, наад захын чадваруудын нэг нь суралцах ур чадвар учраас би энд доозоо хэтрүүлчихсэн соёл, урлаг, уран сайхныг буруутгаж буй хэрэг л дээ.

Нэгэнт л зүүн тархиа хөгжүүлээгүйгээс монголчууд заяаны байгальлаг, амьтанлаг, уран сайханлаг шинжтэй төлөвшсөн ба биеийн хүчний натурал ажлаас цааш хийх бүтээх чадваргүй. Монголчуудын нэг гол дутагдал бол хар тэнхээг оюун ухаанаас илүүд үзэх явдал. Энэ нь өнөөгийн монголчуудын ердийн, өдөр тутмын амьдрал дээр захаас аван нотлогдоно. Энэ их захууд, захын худалдагч, ченжүүд, ломбард, лангуу, эсвэл хөдөө алт ухах нинжа нар, хадгаламж зээлийн хоршооны эзэд ба хохирогчид, гудмаар дүүрэн хөглөрөх шар сонинууд, шар сонины сэтгүүлчид, бүр дордвол хулгайч, дээрэмчин, залилан гээд сайн мууг нь жагсааж болж байна. Манай нийгэмд бодитой буй аж байдлын доройтол, ядуурал, ажилгүйдэл, архидалт, золбин тэнэмэл амьдрал, гэмт хэргийн ертөнц энэ бүгд чинь зүүн тархиа хөгжүүлээгүйн гай шүү дээ. Зүүн тархиа хөгжүүлж байна гээд гарт тааралдсан, хавьтсан ойртсон болгоноо уншаад, цээжлээд, цэцэрхээд явбал тэр нь оюуны бас нэг өөр дон болж хувирдаг. Номын хагас цагаан солиотой, чалчаа сэхээтнүүд манайд олон байдаг нь зүүн тархиа хогийн сав болгосны нөгөө талын гай юм.

Монголтой төстэй иймэрхүү үзүүлэлтийг хангасан өөр нэг үндэстэн бол дэлхий дээр цыганууд байна. Цыганы соёл урлаг, дуу шүлгийг магтаж барах юм биш. Дууны үгийн утга уянгыг хэлэх юм биш, ёстой уяруулж хайлуулж өгөхөөр. Гитар тоглодоггүй, дуу бүжиггүй эр, эм цыган нэг ч үгүй, хөгшрөөд ирвэл бүгдээрээ үзмэрч, зарим нь хулгайч. Ертөнцөд “Цыган” гэж таниулдаг имиж нь ердөө л энэ. Шашин, шашны ёслол, мөргөл, сүмийн дуу, маань мэгзэм, мухар сүсэг зэргээрээ лалынхан, хиндүчүүд, түвдчүүд баруун тархины хэт хөгжилтэй улс үндэстэнд бас тооцогдоно. Эндээс хийх гол дүгнэлт бол баруун тархины хэт хөгжилтэй улс үндэстнээс өсч өндийсөн, хүчирхэгжсэн, баяжсан нь нэн ховор. Баруун тархи хөгжөөд хөгжөөд тэр нь баялаг бүтээдэггүй, мөнгө үржүүлдэггүй, нийлбэр дүнгээрээ улс орондоо үлдээх юмаар тун бага.

Бид эрх чөлөө, ардчиллаар дэвсгэрлэсэн зах зээлийн чөлөөт нийгэм рүү явж байна, гэхдээ дэндүү удаан. Энэ утгаар шинэ, XXI зууны манай капиталист нийгэм бол баруун тархины хэт хөгжлийг эрс няцааж байна. Ямар ч уран сайхангүй, уран дүрслэмжгүй, зөвхөн зүүн тархины эрэмбэтэй хөгжлөөс шалтгаалах тийм нээлттэй атлаа хэрцгий нийгэм рүү бид орж яваагаа мартаж үл болно. Ийм нийгэмд оюунлаг, чадварлаг, сэтгэдэг, суралцдаг хүн л зөв амьдрах учиртай бөлгөө. XXI зуун бол товчхондоо оюуны чансаа, оюуны ерөнхий чадавхи, тархины гимнастикийн зуун болно. Энэ зуунд зөвхөн оюун тархийг л шүтэж амьдарцгаа!


САНАЛ БОЛГОХ