Удам таслах хар хор

ЗГМ: Сэдэв

Хар тугалга кальцаар дамжин ясанд нэвчдэг

Дуу алдан гаслам, сэтгэл түгшээсэн зовлон монголчуудыг нөмрөх нь. Баянхошуунд амьдардаг хүүхдийн цусанд 22.6 мкг/дл хар тугалга илэрсэн нь олон нийтийн анхаарлыг татав. Энэ бол АНУ-ын эрүүл мэндийн “CDC” байгууллагаас гаргасан зөвлөмжөөс бүр дөрөв дахин их тоо. Тус байгууллага 5 мкг/ дл-ээс их байж болохгүй гэж анхааруулсан ч, энэ нь эрүүл мэндэд хоргүй гэсэн үг биш. Ийм бага хэмжээтэй байсан ч муугаар нөлөөлдгийг олон судалгаа нотолжээ.

Монгол хүүхдийн цусанд хар тугалга илэрсэн нь цоо шинэ мэдээлэл биш юм. Манай улсын хувьд хамгийн анх 2007 онд хар тугалгын хор хөнөөлийн талаар судалсан байдаг. Тухайн үед цөөн тооны хүүхдээс шинжилгээ авахад дунджаар 16 мкг/дл гэсэн тоо гарчээ. Мөн 2014 онд дунд сургуулийн хүүхдүүдийг шинжилхэд 7 мкг/ дл хар тугалга илэрсэн байна. Энэ мэт бичил судалгаа хийсэн ч үр дүн нь судалгааны эргэлтэд орж, ажил хэрэг болоогүй аж. Харин энэ сард Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулиас 15 хүүхдэд түүвэр судалгаа хийсэн нь олон нийтэд цочроо өгч, бага ч гэсэн үүргээ биелүүллээ.

Хэвлэлийн хуудсанд мэр сэр үзэгдэж, судлаачдын амнаас хаяахан гардаг байсан хар тугалгын уршгийн талаар сонсоогүй хүн цөөн. Хоолонд дургүй болох, сульдах, өсөлт удаашрах, цус багадах, мартамхай болох. Хүүхдэд эдгээр шинж илэрвэл хар тугалгын хордлогод орсон байх магадлалтай гэж үздэг. Гэвч өөрийгөө, үр хүүхдээ үүгээр хордсон уу, үгүй юу гэдгийг анзаарсангүй. Насанд хүрсэн хүн хар тугалгын 5-15 хувийг биедээ шингээж байхад яг ийм тунгаар амьсгалсан хүүхдэд 50 хувь нь нэвчдэг. Энэ бодис арьс, амьсгалын зам, хоол боловсруулах эрхтэн гээд олон замаар хүний биед шингэдэг чимээгүй хор аж. Гүн хордлогод орвол татаж унах, хараа муудах, хэл ярианы хөгжил сулрах хурц шинж тэмдэг илэрдэг байна. Нэгэнт хүний биед нэвчсэн бол кальцаар дамжиж ясанд хуримтлагддаг бөгөөд 10 жилийн дараа ч цус руу нэвчин хордуулдаг учраас жирэмсэн эхчүүдийн ургийн хөгжлийг мөхөөдөг гэсэн үг.

Улаанбаатар хотыг бүрхсэн утаа, тоосонцор бүрт агуулагддаг хар тугалга гэгч энэ хар хороор бид 30 жил амьсгаллаа. Цаашлаад ундны ус, хөрс, тоглоом, будаг тэр байтугай хоол хүнсэнд ч хар тугалга илэрдэг. Тиймд Баянхошуунд амьдардаг хүүхэд хар тугалгаар хордсон нь агаарын бохирдолтой холбоотой гэж дүгнэвэл өрөөсгөл болно. Ялангуяа хөрсний бохирдол бол хар тугалгын “үүр”. 2015 онд хийсэн судалгаагаар Нийслэлийн төвийн дүүргүүдэд хар тугалгыг үүсгэдэг уран, тори зэрэг хүнд элементүүд зөвшөөрөгдөх хэмжээнээс 60-90 дахин их гарсан. Энэ бол бидний хэн нь ч хар тугалгаар хордоогүй гэж хэлж чадахгүй гэсэн үг.

Манай улс 1990-ээд оноос өмнө ОХУ-ын машинуудад хар тугалгын агууламж бүхий шатахуун хэрэглэдэг байсныг өдгөө хориглосон. Мөн хар тугалгатай барилгын будгийг шинжилдэг болсон. Гэхдээ энэ хангалтгүй. МУИС-ийн Химийн тэнхимийн багш нар Японы эрдэмтэдтэй хамтарч автомашины засварын газруудын орчмын хөрсийг шинжилжээ. Өгөөмөр захын орчимд 236.6 ppm хэмжээтэй хар тугалга илэрсэн бол Ногоон нуур орчимд 545.5, Баянбүрд орчимд 762.2 ppm гарчээ. Олон улсад орчны хөрсөн дэх хар тугалгын хэмжээ 100 ppm-ээс их байвал хүүхдийнхээ цусыг шинжлүүлэхийг зөвлөдөг байна. Харин 400 ppm-ээс дээш бол хортой, 1000 ppm-ээс дээш бол аюултай хэмжээнд хүрсэн гэж үздэг байна. Гэтэл Баянбүрд орчмын хөрс хар тугалгаар бохирдсныг илтгэсэн дээрх тоо шүүгээнд бичиг цаасанд дарагдаастай хэвтэж буй нь харамсалтай.

Хар тугалга бол хүний биед байх ёсгүй гаднын хүнд элемент юм. Уран, тори зэрэг цацраг идэвхит элементүүдийн задралын эцсийн бүтээгдэхүүн. Байгаль дээр исэл, сульфид хэлбэрээр тохиолддог. Амархан хайлдаг, боловсруулахад хялбар учраас аж амьдралдаа өргөн ашигласаар иржээ. Гэвч хар тугалгын аймшигт хор уршгийг мэддэггүйгээсээ болоод тахин шүтэж байсан үе бий. Дундад зууны үед Английн хатан хаан Элизабет хар тугалгатай будгаар нүүрээ цас мэт цагаан болгодог байж. XVIII зуунд амархан хайлдаг, боловсруулахад хялбар энэ элемент аж үйлдвэрийн салбарын чухал “эрдэнэс” байлаа. Харамсалтай нь, XX зууны сүүлээр дэлхий дахин хар тугалгыг үзэн ядаж эхэлсэн юм. АНУ энэ хар хортой 1980 оноос “цагаан дайн” зарлаж, хар тугалгын хэрэглээг хязгаарлах болжээ. Тухайн үед тус улсын хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ 10.7 мкг/ дл байжээ. Үүнийг эрүүл мэндэд ноцтой нөлөөлнө гэж үзэж, өргөн хүрээтэй аян өрнүүлсэн нь үр дүнд хүрсэн түүх бий. Хамгийн түрүүнд энэ бодисын агууламжтай шатахуун, будаг хэрэглэхийг хориглосон. Ийм будаг хэрэглэсэн орон сууц, сургууль, цэцэрлэгийг хааж, хар тугалгыг арилгасны дараа иргэдийг дахин суурьшуулжээ. Мөн таван жил тутамд хүүхдийн цусан дахь хүнд металийн шинжилгээг хийх тогтолцоог бий болгов. Ингэснээр дээрх 10.7 мкг/ дл хэмжээ хоёр дахин буурч, 5 мкг/дл болсон нь энэ. Цаашид бүрэн арилгахаар тэг рүү тэмүүлж байгаа аж.

Харин манай улсын хувьд дээр дурдсанчлан нэгдсэн судалгаа, мэдээлэл огт алга. Өм цөм хийсэн судалгаа нь судлаачдынхаа шүүгээнд хадгалаастай байна. Өмнө нь хийсэн судалгаанууд өргөн хүрээг хамарч чадаагүй тул бодит тоо гэж хэлэхэд ч хэцүү юм. Ядаж л хүүхдүүдийн цусанд илрээд байгаа хар тугалга яг ямар эх үүсвэрээс гэдгээ ч бид ялгаж чадахгүй байгаа нь туйлын харамсалтай.

Салбарын яам, Засгийн газраас олон арван жилээр удамд нөлөөлөх энэ хар хорыг анхааралдаа авах зайлшгүй шаардлага тулгарлаа. Агаар, ус, хөрс, гэр орон гээд бидэнд хаашаа ч харсан хар тугалгын аюул нүүрлэж байгааг хэзээ сэхээрэх вэ.

                                                    ЗГМ Тодруулга:
                         Үндэсний хэмжээний судалгаа хиймээр байна

АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхмийн эрхлэгч Д.Нарансүхээс зарим зүйлийг тодрууллаа.

-Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн цус юунаас болж хар тугалгатай болсон гэж дүгнэж байгаа вэ?
-Энэ бол түүвэр, туршилтын судалгаа. 15 хүүхэд хамрагдсан учраас яг эх үүсвэр, шалтгаан нь юу гэдгийг мэдэхгүй. 100 хувь агаарын бохирдлоос шалтгаалсан гэж хэлэх бололцоогүй. Ер нь монгол хүний цусан дахь хүнд металлын хэмжээ, түүний дотор хар тугалга ямар хэмжээтэй байгаа үндэсний хэмжээний цогц судалгаа хэрэгтэй. Бусад улс орон тогтсон хугацаанд иргэддээ био мониторингийн судалгаа хийдэг. Ингэснээр цусан дахь хүнд металлын хэмжээ буурч байгаа эсэхийг тогтоож, түүнд тохирсон арга хэмжээ авдаг.

-Хар тугалга хаана хамгийн их агуулагдах магадлалтай вэ?
-1980-аад оноос өмнө баригдсан барилгуудыг хар тугалгатай будгаар будсан байх магадлалтай. Хуучны орон сууцанд амьдардаг бол цусны шинжилгээ өгөх хэрэгтэй. Орон сууцны айлын ундны усыг Ус сувгийн удирдах газраас шинжилдэг. Харин гэр хорооллынхны усны найрлага тун эргэлзээтэй. Дээр нь ахуйн орчинд хар тугалга бүхий сав суулга их хэрэглэдэг.

-Хятадаас импортолдог халуун тогоо хар тугалгатай гэсэн мэдээлэл байна. Энэ талаар хийсэн судалгаа байдаг уу?
-Байж болох юм. Бал гарна гэдэг чинь тогооноос тодорхой хэмжээний металлууд ялгарч байна гэсэн үг. Металлууд дотроо хүнд, хөнгөн, хортой, хоргүй гээд янз бүр. Судалж үзэх хэрэгтэй.

-Хэзээнээс хүүхдийн цусан дахь хар тугалгыг шинжилж эхэлсэн бэ. Өөр лаборатори байдаг уу?
-2014 онд АНУ-ын “CDC” байгууллагаас шинжилгээний төхөөрөмж авчирсан. Манайх зөв шинжилж байгаа эсэхээ энэ байгууллагаар хянуулдаг. Манай лабораторид жилд 40-50 хүн цусаа шинжлүүлдэг. Гэхдээ ихэнх нь хортой нөхцөлд ажилладаг хүмүүс байдаг. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд ийм лаборатори бий.

-Танай лабораторид иргэд цусаа шинжлүүлэх боломжтой юу?
-Боломжтой. Цусыг шинжлэхэд жижиг хэмжээний чип ашигладаг учраас иргэдээс 35 мянган төгрөгийн төлбөр авдаг.



САНАЛ БОЛГОХ