Буух эзэн, буцах хаяггүй усан хөшиг

Нийтлэл

70 саяар хүний нүд хуурсан хэврэгхэн эд босгоод мартаж орхижээ

Зуны урин дулаан цаг айсуй. Байгаль дэлхий удахгүй ногоон дээлээ өмсөж, нийслэл хот маань өнгөө засах нь. Урин цаг ирэхтэй зэрэгцэн нийслэл хотын бүтээн байгуулалт ар араасаа ундрах нь дамжиггүй.

Нийслэлчүүд бид хоёр жилийн өмнө 70 сая төгрөгийн өртгөөр хийгдсэн усан хөшигтэй болж, улаан тууз хайчлан сүр дуулиантай нээлт хийж билээ. Жил ирэх тусам хөрс, агаар нь бохирдож, хуурайшилтад нэрвэгддэг нийслэл хотод энэ нь мэдээж хэрэгтэй бүтээн байгуулалт. Гэвч олон саяын өртөгтэй өнөөх дуулиант хөшиг өдгөө хэнд ч хэрэггүй “хог” болон хувирсан нь харамсалтай.

Хотын төвөөс тавхан алхмын газар буюу МУБИС-ийн дэргэхэд арслантай гүүрийг зорьж очлоо. Биднийг очиход ус гоожих нүхтэй урт мөнгөлөг өнгийн болхи хийцийн хоолой угтлаа. Өмнө нь нээлтээ хийгээд гурав ч хонолгүй эвдрэхэд “Улаанбаатар нэгтгэл” компанийн дарга Д.Энхсайхан “Тохижилтын ажил дуусаагүй учраас наймдугаар сарын 10 гэхэд 300 метр газар усан толио үүсч бүрэн ажиллана” гэж байв. Гарсан нийт зардлын задаргааг сонирхож үзье. Материалын зардал 13.2 сая, угсралтынх 5.8, тээврийн зардал (портер, өрөмдлөг) 23.7 сая болон бусад зардал буюу шууд болон нэмэгдэл, ашиглалтын зардал 27.4 сая гээд нийт 70.9 сая төгрөг болсон гэх ядмагхан тайлбар өгсөн. Гэтэл өнөөдөр усан хөшиг бүрэн тохижиж, толио татуулах нь бүү хэл хоёр жил гаруй хугацаа өнгөрч байхад огт ажиллаагүй хэвээр. Уг нь Сэлбэ голыг тохижуулах ажлын гол бүтээн байгуулалт нь усан хөшиг байв. Анх үүнийг хийх болсныг сонсоод нийслэлчүүд Англи, Америк, Герман, Франц зэрэг оронд байдаг усан хөшигтэй адил мэт төсөөлж явснаа нуух юун. Харамсалтай нь зүгээр нэг мөнгөлөг өнгийн блохи хоолойг гүүрний доод хэсэгт ил байрлуулж, хэдэн нүхээр даралттай ус шахсанаа усан хөшиг хэмээнэ гэж хэн санах билээ. Ингээд Сэлбэ голын усан хөшиг яагаад ажилладаггүйн шалтгааныг тодруулахаар нийслэлийн ЗДТГ-ыг зорьсон боловч мэдээлэл өгөх албаны хүн олдсонгүй. Утсаа авахгүй, эсвэл холбогдох боломжгүй гэх хариу өгч байлаа.

Нэгэнт хөрөнгө мөнгө зарцуулж, нийслэлчүүдэд хэрэгтэй бүтээн байгуулалт хийхийг хүссэн бол ядаж хэдэн жилийн настай, өнгө үзэмж сайтай зүйл босгомоор. Гэвч мөнгөө төлж захиалсан байгууллага, гүйцэтгэгч хоёул нүд хуурсан хэврэг эд босгоод мартаж орхижээ.

Эрдэнэтийн Цагаанчулуут багийн нэг өвөө хашааныхаа ногоог услах гээд ийм усалгааны системийг сая хүрэхгүй төгрөгөөр хийчихсэн тухай цахим хэрэгслээр мэдээлж байсан. Харин үүнээс 70 дахин өндөр өртгөөр бүтсэн айхтар бүтээн байгуулалт ид шидээ үзүүлэхгүй байсаар “нүд аниж” байгаа бололтой.

Гэхдээ усан хөшиг тойрсон асуудал намжсангүй. Өнгөрсөн жил дахиад нийслэлийн хөрөнгөөр дөрвөн томоохон гүүрэнд усан хөшиг хийхээр төлөвлөсөн. Тодруулбал, Сонсголон, Яармаг, Энхтайваны болон Маршалын гүүрэнд илүү томруулж хийхээр зураг төсөл, бэлтгэл ажлаа хангаж буй талаар холбогдох албаны хүмүүс мэдээлж байв. Гэвч энэ асуудал тодорхойгүй, нам гүм хэвээр. Арслантай гүүрний тавиланг л битгий давтаасай билээ.


                               ИХ ХОТЫН СОДОН ЧАМИРХАЛ УСАН ХӨШИГ
Дэлхийн хотуудын нэгэн содон чамирхал бол яахын аргагүй усан оргилуур, усан хөшиг. Сүүлийн үед усан хөшигийг хялбар аргаар маш цэвэрхэн хийх болсон. Энэ нь дижитал усан хөшиг бөгөөд компьютерийн маш нарийн тохиргоотой бөгөөд алсын удирдлагатай. Өдөрт 30 гаруй хөгжмийн аянд тохируулан 60 өөр төрлийн хөдөлгөөн хийдэг “ухаалаг” нэгэн ч байна. Үнэ ханшийн хувьд БНХАУ-д гэхэд нэг метр дижитал усан хөшиг хийхэд таван мянган ам.долларын өртөгтэй. Харин бусад оронд ерөнхийдөө 5- 30 мянган ам.доллар бөгөөд хэмжээ, хийцээсээ шалтгаалаад үнийн хувьд зөрүүтэй байдаг аж. Өндөр үнэтэй сонсогдож байгаа ч үүнд ойр орчмын тохижилт, нарийн технологи гээд бүхий л зүйл багтдаг. Түүгээр ч зогсохгүй жуулчдыг ихээр татах бас нэгэн гоёл юм. Америкт гэхэд бараг хот болгон нь усан хөшигтэй бөгөөд өнгө гэрэл, цацарч буй хэлбэр дүрс гээд олон төрлийн чамин хийцтэй байдаг.

Бид гаднын бэлэн туршлагыг хуулбарлаж, зураг төсөл, хөрөнгө мөнгөний тооцоогоо нарийн гаргаж, ийм төрлийн ажил гүйцэтгэдэг мэргэжлийн газар хандсан бол бусдын нүд хужирлах аятайхан усан хөшигтэй болох байсан нь гарцаагүй.
САНАЛ БОЛГОХ