Цементээр чимсэн хот-2
Улаанбаатарын ердөө таван хувийг ногоон байгууламж эзэлдэг
Монгол Улс хотжилт эрчимтэй явагдаж буй орнуудын тоонд ордог. НҮБ-ын 2015 онд хийсэн судалгаагаар манай улсын хүн амын 66.4 хувь буюу 1.3 сая иргэн нийслэлд амьдардаг. 2050 он гэхэд энэ тоо 84.4 хувь болно гэж тооцоолжээ. Тэгэхээр нэг ам метр талбайд 286 хүн ногдож буй нь аймгийн төв, суурин газраас 2.4-9.5 дахин их болно гэсэн үг. Ингэж хүн амын төвлөрөл ихсэхийн хэрээр ногоон байгууламжийн эзлэх талбай ч нэмэгдэх ёстой.
Гаднын улс орнуудын нийслэлийн 80 орчим хувь нь ногоон байгууламж байна гэсэн олон улсын стандарт байдаг юм билээ. Гэтэл Улаанбаатарын ердөө таван хувийг ногоон байгууламж эзэлдэг.
Нийслэлийн төв хэсгийн хэдэн мод, цэцэгт ургамал, зүлгэнд анхаарал хандуулдаг болохоос хотын захын газруудыг анзаардаггүй. Хотын төв хэсэг гэхээс илүүтэй захын хорооллын агаар, хөрсний бохирдол их байдаг. Түүнчлэн дуу чимээний бохирдол зохистой хэмжээнээс хэтэрсэн.
Хот суурин газраа төвлөрсөн манайх шиг улсад амралтынхаа өдрөөр гэр бүл, найз нөхдөөрөө эрүүл орчинд амарч, зугаалах таатай газар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс өөр байхгүй. Уг нь ногоон байгууламж сайтай байх тусам хүчилтөрөгч ихээр ялгаруулж, нүүрсхүчлийн хийг өөртөө шингээн цэвэршүүлж, агаарын болон дуу чимээний бохирдлыг бууруулж, иргэдийн алжаалыг тайлах сайн талтай. Нийслэлээс ногоон байгууламжид хөрөнгө мөнгө их зарж, мод, цэцэгт ургамал тарьдаг хэрнээ тэрийгээ арчилж, ургуулж чадахгүй үхүүлчихдэг. Учир нь, модыг сайтар арчилж, тордож ургуулахад нарийн технологи шаардлагатай. Өөрөөр хэлбэл, тэднийг арчилдаг мэргэжилтэн шаардлагатай ч манайд байдаггүй учир өчнөөн сая төгрөг салхинд хийсгэдэг. Мөн жилээс жилд цементэлсэн талбайн хэмжээ л нэмэгдэж байна. Баяр ёслол, хурал зөвлөгөөний үеэр нийслэл хотынхоо өнгө үзэмж, ногоон байгууламжид илүү анхаарал хандуулна гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ тийм биш. Зөвхөн яриад л өнгөрдөг. Ногоон байгууламжаас цементэн талбайг илүүд үздэг болсноор хаврын хавсаргатай үед хот даяар үхмэл шороо дэгдэх боллоо. Энэ бүхнийг хотын удирдлагууд анзаарч л суудаг байлтай. Хуурайшилттай тэмцэх хамгийн сайн арга бол ногоон байгууламж гэдгийг дахин дахин санууштай.
-Энэ жилийн ногоон байгууламжийг хэр өргөн цар хүрээтэй хийх вэ?
-Энхтайваны өргөн чөлөөний ногоон байгууламжийг нэлээд нэмэгдүүлнэ. Гэхдээ бусад хэсэгчилсэн газрыг иж бүрнээр нь тохижуулж ажиллана. Офицеруудын ордноос 25 дугаар эмийн сан хүртэлх газрыг Хот тохижилтын газар, тус эмийн сангаас Таван шар хүртэлх газрыг 18 аж ахуйн нэгж шалгаруулж, ногоон байгууламжийн ажлыг хийлгэхээр болсон. Тохижилтын хүрээнд замын хоёр талын тусгаарлах зурвас, голын хэсэгт том мод, ургамалан хашлага, гоёл чимэглэлийн мод бут, зүлэг тарина. Мөн замын хоёр талын тусгаарлах зурвас дээр 60 см-ийн хавтан байрлуулж, хүн чөлөөтэй такси барих боломжийг бүрдүүлнэ. Ерөнхийдөө өмнө нь тарьсан ургамлыг нөхөн сэргээнэ.
-Хэчнээн төрөл зүйлийн мод, бут тарих вэ?
-Шар хуайс, хайлаас, нарс байгаа. Үндсэндээ энэ жил сая мод тарихаар төлөвлөсөн. Байршлын хувьд Энхтайваны өргөн чөлөө болон бусад 45 гудамж, Налайх, Багануур, Багахангай гэсэн захын гурван дүүргийн ногоон байгууламжийн арчилгаанд мөнгө зарцуулна. Түүнээс захын гурван дүүрэгт мод нэмж тарихгүй.
-Гацуур модыг өмнө нь суулгахгүй гэж байсан. Гэтэл дахиад суулгаад эхэлсэн байна?
-Гацуур ерөөсөө тарихгүй байгаа. Харин нарс мод л тарьж байна.
-Энэ жил урт настай цэцэгт ургамал тарина гэж сонссон. Хэчнээн төрлийн цэцэгт ургамал тарих вэ?
-Байгалийн олон наст болон нэг наст ургамлыг хольж тарих нь зөв. Өнгөрсөн жилүүдэд АСЕМ-ийн уулзалтын үеэр нэг наст цэцэг их хэмжээгээр тарьсан. Харин энэ жил цэцэгний тоо багассан. Яагаад хольж тарих гээд байна гэвэл үрээр тарьсан ургамал дөрвөн жилийн дараа цэцэглэдэг. Тиймээс бодлогоор нэг наст болон урт наст цэцгийн үртэй хольж тарихаар шийдсэн. Хурдан хугацаанд үр өгөөжөө өгч, хүний нүдэнд харагдахгүй учраас урт наст цэцгийг их хэмжээгээр тарьж чадахгүй байна. Ерөнхийдөө энэ цэцгийг тарьснаар жил бүр зарцуулж буй зардал хумигдаж, эдгээр цэцэгт мандал байгалийн аясаар цэцэглэдэг болно гэсэн үг.
-Албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гаднах талбайн ногоон байгууламжид хэрхэн анхаарч ажиллах вэ?
-Өмнө нь энэ асуудлыг хариуцдаг мэргэжилтэн байгаагүй. Харин энэ жилээс үүнийг бодлогын түвшинд авч үзээд, аж ахуйн нэгж, орон сууцны ногоон байгууламжийн мэргэжилтний орон тоог шинээр гаргаад, ажиллаад эхэлчихсэн байна. Тэгэхээр манайх Нийтийн эзэмшлийн, аж ахуйн нэгж, орон сууц, бодлого хариуцсан мэргэжилтэнтэй болсон. Аж ахуйн нэгж, орон сууцны гаднах талбайг хариуцсан мэргэжилтэн тухайн газрын эргэн тойрон 50 метр газрыг ногоон байгууламжтай болгох тал дээр илүү анхаарч ажиллана.
-Албан газрууд эргэн тойрны талбайд ногоон байгууламжаар тохижуулаагүй тохиолдолд торгох ч юм уу, ямар нэг байдлаар арга хэмжээ авах уу?
-Энэ нь бүтцийн хувьд одоо л хэрэгжиж эхэлж байна. Харин үйл ажиллагааны гарц, шийдэл одоохондоо тодорхойгүй байгаа. Цаашид аж ахуйн нэгж, албан байгууллагад мөрдөх журам гаргах байх.
-Хэчнээн тооны болон төрөл зүйлийн цэцэгт ургамал тарих вэ?
-Цэцэгт ургамлын тендерийг хараахан зарлаагүй байна. Ерөнхийдөө зургаан сар гаргаад ажил нь эхэлнэ.
-Юу юунд хэчнээн төгрөгийн хөрөнгө зарцуулж байна вэ?
-Тухайн ажлыг хийх байгууллага нь нэг биш олон учраас тус тусын үнэ нь ялгаатай. Тиймээс яг тэд гээд хэлэхэд хэцүү. Ерөнхийдөө ажилчдын цалин, усалгааны зардал, тээврийн хэрэгслийн шатахууны зардлыг л гаргаж байгаа. Хөрөнгө мөнгөний бололцоо хязгаарлагдмал учраас хотын төв ч юм уу, тодорхой заасан цэгүүдэд л хүрч ажиллаж байна. Түүнээс биш Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн 1.3 сая га газарт нийтэд нь хүрч ажиллаж чадахгүй байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй