Цахиур хагалж буй цайр

Түүхий эд

Ханш нь нэг жилийн хугацаанд хоёр дахин өсчээ

Цайр цахиур хагалж явна. Жил гаруйн өмнө 1400 ам.долларт дэнжигнэж байсан тус металлын ханш өдгөө 2800 ам.долларыг шүргэжээ. Ингэснээр цайрын ханш нэг жилийн хугацаанд хоёр дахин өсөөд байна. Үүгээр зогсохгүй 2007 оны есдүгээр сараас хойших буюу сүүлийн 10 жилийн түүхэн дээд цэгт тулжээ. Лондоны металлын биржид өнгөрсөн баасан гарагт цайрын ханш 2771 ам.долларт хэлбэлзэж байна. Цайр ийн цойлоод зогсохгүй үнийн өсөлтөөрөө ч өнгөлөв. Өнгөрсөн онд гэхэд үнийн өсөлтөөрөө үйлдвэрлэлийн металлуудыг тэргүүлэв.

Уул уурхайн таваарын үнэ унаж, ханш ёроолдож байхад цайр урсгал сөрөн, оргил өөд тэмүүлж байна. Үнийн уналт зүсэж буй цайрын өсөлтийг шинжээчид янз бүрээр тайлбарлаж байгаа. Гэхдээ тус металлын зах зээлд нийлүүлэлт буурах цонх үе тохиосныг хүлээн зөвшөөрч байгаа юм. Сүүлийн жилүүдэд олон улсын зах зээлд цайр нийлүүлсэн томоохон уурхайнуудын нөөц дундарч, олборлолт багассан. Цаашлаад Австралийн “Century”, Ирландын “Lisheen” томоохон “тоглогчид” үүдээ барьсан нь цайрын зах зээлийг хүчтэй доргиожээ. Үүнтэй зэрэгцээд цөөнгүй уурхай Цахиур хагалж буй цайр үйл ажиллагаагаа түр зогсоосон нь ч давхар доргилт өгснийг судлаачид онцолж байгаа.

Дэлхий даяар ийнхүү олборлолт буурснаас цайрын баяжуулах үйлдвэрүүд ч гарцаа хумиад байна. Ялангуяа, Хятадын цайр болон хар тугалгын баяжуулах үйлдвэрүүд ирэх онуудад үйлдвэрлэлээ бууруулахад хүргэжээ. Эргэн сануулахад, цайрын олборлолт 2005 онд огцом багасч, ханш нь үлэмж хэмжээгээр нэмэгдэж байжээ. Тэгвэл өнөөгийн нийлүүлэлтийн уналт нь тэртээх 10 гаруй жилийн өмнөхөөс ч илүү болохыг салбарынхан судалсан байна. Энэ хэрээр нийлүүлэлт татарч, үнэ өсөх төлөвтэй аж.

Олон улсын хар тугалга, цайрын судалгааны групп буюу IZLSG-ээс мэдээлснээр ойрын таван жилийн хугацаанд цайрын ханш 2000 ам.доллараас доошлохгүй. Үүнтэй адил таамгийг Дэлхийн банкны шинжээчид танилцууллаа. Тэдний тооцоогоор 2017, 2018 онд цайрын ханш эдгээр жилүүдийн дээд цэгтээ хүрээд, 2019 оноос эргэн уруудах аж. Олон улсын валютын сангийн мэдээллээр энэ онд ханш 2700 ам.долларт дэнжигнэнэ. Улмаар алгуур буурч, 2020 он гэхэд 2400-2500 ам.долларт хүрэх таамгийг танилцуулсан байх юм. Өөрөөр хэлбэл, дунд хугацаанд цайрыг цайвар ирээдүй хүлээж байна. Учир нь цайвар металлын томоохон уурхайнуудын насжилт өндөрсөж, гарц багасахаар байна. Тиймээс нийлүүлэлт татрах үйл явц ирэх онуудад үргэлжилж, энэ хэрээр цайрын ханш цахиур хагалсаар байх төлөвтэй.

» Цайрын ханш цойлоод зогсохгүй өсөлтөөрөө ч өнгөлөв.
» Тус металлын зах зээлд нийлүүлэлт буурах цонх үе тохиосныг хүлээн зөвшөөрч байгаа юм.
» IZLSG-ээс мэдээлснээр ойрын таван жилийн хугацаанд цайрын ханш 2000 ам.доллараас доошлохгүй.
» Монгол Улс цайрын баяжмалаас 36.6 тэрбум төгрөг олохоор төсөвтөө тусгачихсан.
Тэгвэл энэ нь цайрын баяжмалаас 36.6 тэрбум төгрөг олохоор тусгачихсан Монгол Улсад сайн мэдээ байх нь дамжиггүй. Монгол Улс энэ онд төсөвтөө 80 мянган тонн цайрын баяжмал борлуулахаар төсөвтөө төлөвлөөд байгаа юм. Энэ оны эхний хоёр сарын байдлаар Монгол Улс 19 сая ам.долларын 27 мянган тонн цайрын хүдэр, баяжмал хилийн чанадад нийлүүлсэн болохыг Монголбанкны гадаад худалдааны тоймд дурджээ.

Мөнгөлөг цайвар өнгөтэй цайр нь манай улсын экспортын орлогод зэс, нүүрс шиг үлэмж байр суурь эзэлдэггүй нь үнэн. Гэхдээ тус металл нь улсын төсвийн орлогыг 30-40 тэрбум төгрөгөөр тэтгэдэг төдийгүй экспортын түүхий эдийн нэг юм. Манай улсаас цайрын баяжмал экспортолдог “Цайрт Минерал” компани жилд дунджаар 100 мянга орчим тонн баяжмал хилийн чанадад борлуулдаг байна.
САНАЛ БОЛГОХ