Валютын нөөц өсөх төлөвт шилжлээ
Валют
Валютын нөөц энэ долоо хоногт 41 сая ам.доллараар нэмэгдэнэ
Монголбанк оны эхний гурван сарын байдлаар нийт 2.2 тонн алт дотоодын алт олборлогч аж ахуйн нэгж, иргэдээс худалдан авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 300 кг буюу 15.7 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Уг өсөлт оны эцэс хүртэл хадгалагдсан тохиолдолд төв банк нийт 22 тонн алт худалдан авах нь. Ингэснээр одоогийн зах зээлийн ханшаар валютын нөөц 880 сая ам.доллараар нэмэгдэх бүрэн боломжтой аж.
Төв банк валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор нэг тонн гаруй алтыг цэвэршүүлэх арга хэмжээг өнгөрсөн долоо хоногт авсан. Энэ нь валютын нөөц зузаатгах хөшүүрэг бөгөөд энэ долоо хоногт 41 сая ам.доллараар улсын нөөц нэмэгдэх төлөвтэй байна. Монголбанк худалдан авсан алтаа цэвэршүүлэх бүрт нөөцөө өсгөх нь.
Энэ оны эхний хоёр сарын байдлаар төв банкинд тушаасан алтны хэмжээ 1.5 тоннд хүрээд байсан бол гуравдугаар сард 2.2 тонн болсон нь эдийн засагт эерэг дохио болж байна. Өнгөрсөн онд Монголбанк 18.3 тонн алт худалдан авч байсан. Тэгвэл 2017-2020 онд алт тушаалт түүхэн дээд түвшинд хүрэх таамаг бий. Тодруулбал, Монголбанк ирэх гурван жилийн хугацаанд 20-25 тонн алт худалдан авахаар зорилт тавьжээ. Тус банкны Зах зээлийн газрын захирал Б.Батдаваа “Валютын нөөц улсын импортын гурван сарын хэрэгцээг хангах түвшинд байна” хэмээн мэдэгдсэн. Энэ нь олон улсын жишгээр хэвийн үзүүлэлт юм.
Өнгөрсөн жилүүдийн хандлагыг авч үзвэл, гадаад валютын нөөц ерөнхийдөө буурч ирсэн. Харин энэ оноос валютын нөөц өсөх төлөвт шилжих магадлал өндөр байна. Засгийн газраас “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд шар металлын олборлолтыг идэвхжүүлж, үйлдвэрлэлийн хэмжээгээ түүхэн дээд түвшинд хүргэх юм. Эдийн засгийг сэргээх зорилгоор тус хөтөлбөрийг Засгийн газар дэмжсэн.
Валютын нөөцөө өсгөх “Алт-2” хөтөлбөрийн эхний үе шат нь 2017-2018 онд хэрэгжих юм. Жил бүр алтны олборлолтыг 2-3 тонноор нэмэгдүүлснээр 2020 он гэхэд жилд 25 тонныг олборлосон байх учиртай. Ингэснээр хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд валютын нөөц 100-150 тонноор нэмэгдсэн байх зорилт биеллээ олох аж. Монголбанкинд өнгөрсөн жил тушаасан 18.3 тонн алт валютын нөөцийг 730 гаруй сая ам.доллараар нэмсэн. Энэ оноос алт тушаалт нэг тэрбум ам.доллараар валютын нөөцийг өсгөхөөр байна. Төгрөгтэй харьцах ам.долларын ханш тогтвортой байхад “Алт-2” хөтөлбөр онцгой үүрэг гүйцэтгэх нь.
» Монголбанк оны эхний гурван сарын байдлаар нийт 2.2 тонн алт дотоодын аж ахуйн нэгж, иргэдээс худалдан авчээ.» Өсөлт оны эцэс хүртэл хадгалагдсан тохиолдолд төв банк нийт 22 тонн алт худалдан авна.» Гадаадад цэвэршүүлж байгаа алтны тээвэр, даатгал, хамгаалалтын зардал өндөр гардаг. Тэгвэл дотооддоо алт цэвэршүүлэх үйлдвэртэй болсноор эдийн засгийн хэмнэлт гарах нь.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Монголбанк, “Эрдэнэс Монгол” компани, Үнэт металлын сорьцын хяналтын газрын хамтарсан Ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хэсэг “Алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэр байгуулах төсөл”- ийг хэрэгжүүлэхээр судалж эхэлсэн байна. Манай улс ОХУ болон Их Британи, Япон зэрэг улсад алтаа цэвэршүүлж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Швейцарь улсад цэвэршүүлж байна. Гадаадад цэвэршүүлж байгаа алтны тээвэр, даатгал, хамгаалалтын зардал өндөр гардаг. Тэгвэл дотооддоо алт цэвэршүүлэх үйлдвэртэй болсноор эдийн засгийн хэмнэлт гарах нь.
Монгол Улсын олборлон баяжуулж буй алт нь дунджаар 85 хувийн агуулгатай бөгөөд үүнийг олон улсын зах зээлд борлуулахын тулд 99.99 хувийн цэвэр алт болгох шаардлагатай байдаг. ОУВС болон Монголбанкны хамтарч хийсэн төсөөллөөр 2022 оны эцэс гэхэд валютын нөөц 4.1 тэрбум ам.долларт хүрэх боломжтой байгаа юм. Валютын нөөц нэмэгдэж, эдийн засагт эерэг өөрчлөлт гарснаар хөрөнгө оруулагчдын манай улсыг үнэлэх үнэлэмж сайжирч, зээлжих зэрэглэлд ахиц гарах нь лавтай. Ийм нөхцөл хөрөнгө оруулалтын орчинд бүрдсэн цагт гадаад болон дотоод зах зээлээс хөрөнгө босгоход өртөг, зардал хямд төдийгүй буурах аж.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй