Хямд үнийг санал болгох зах зээл
Хямралтай тулсан орон сууцны зах зээлд хямдрал үргэлжилж байна
Орон сууцны үнийн индекс үргэлжлэн буурч байна. Энэ оны эхний улиралд тус зах зээлд 0.2 хувийн уналт ажиглагдлаа. Үндэсний статистикийн хорооноос тооцон гаргадаг орон сууцны индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.8 хувиар уруудсан байна. Өөрөөр хэлбэл, орон сууцны үнэ жил болон бүтэн улирлын хугацаанд дээрх хэмжээгээр хямдарчээ. Үнийн индекс нийслэлийн дүүрэг болгонд харилцан адилгүй байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт 6.6 хувиар буурсан бол Сүхбаатар дүүрэгт 3.7 хувьтай. Чингэлтэй дүүрэгт энэ үзүүлэлт 4.4 хувь бол Баянзүрх дүүрэгт 4.2 хувиар буурчээ.
Иргэдийн орон сууцны худалдан авалт буурч байгаа нь үнэ хямдрах бодит шалтгааны нэг. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг өнгөлж байсан орон сууцны борлуулалт муудсан нь барилгын салбарт хүндрэл авчирсан. Хүндрэлийн “сүүдэр” арилаагүй байгааг дээрх статистик илтгэнэ.
Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын мэдээнээс харахад, тайлант улиралд нийт 2568 шинэ орон сууц борлогдож, гэрчилгээ авсан байна. Энэ нь өмнөх улирлаас 26.9 хувиар буурсан үзүүлэлт юм. Орон сууцны зах зээлд хөшүүрэг нь болж буй найман хувийн ипотекийн зээлийн санхүүжилтээр энэ оны эхний улиралд нийт 94.5 тэрбум төгрөгийн зээлийг дөнгөж 1281 иргэнд олгосон байна. Сард дунджаар 400 орчим өрх тус зээлд хамрагджээ.
Шинээр ашиглалтад орох орон сууцны тоо буурсан ч байр худалдан авах эрэлтээс харьцангуй өндөр хэвээр. “Тэнхлэг зууч” компанийн тооцооллоор энэ оны эхний хагаст нийт 6171 орон сууц шинээр ашиглалтад орох төлөвтэй. Тус компаниас гаргадаг орон сууцны үнийн индекс буурах чигтэй байгаа юм. Орон сууцны үнэ жилийн өмнөх үетэй харьцуулахад 5.1 хувиар буурсан дүнтэй гарсан. Тодруулбал, хуучин орон сууцны үнэ жилийн өмнөх үеэс 6.4, шинэ орон сууцны үнэ гурван хувиар хямдраад байна.
» Энэ оны эхний улиралд тус зах зээлд 0.2 хувийн уналт ажиглагдлаа.
» Орон сууцны үнийн индекс нийслэлийн дүүрэг болгонд харилцан адилгүй байна.
» Барилгын өртгийн индексээс харахад, барилгын материалын үнэ өсөх хандлагатай байна.
Орон сууцны түрээсийн үнэ өнгөрсөн онд долоо орчим хувиар буурч байсан. Эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор иргэдийн орон сууц худалдан авах чадвар одоо ч тааруу хэвээр байна. Энэ нь орон сууцны эрэлт буурч байгааг дохиолж буй.
Түрээсийн үнэ болон өрхийн орлого орон сууцны үнээс илүү хурдтай буурсан нь дээрх байдалд нөлөөлжээ. ОУВС-гийн хөтөлбөр болон уул уурхайн гол түүхий эдийн үнэ сэргэж эхэлсэн нь эдийн засагт эерэг мессеж болж байна. Энэ нь орон сууцны үнэ тогтвортой байхад нөлөөлж магадгүй гэсэн таамгийг зарим эдийн засагч дэвшүүлж буй. Барилгын өртгийн индексээс харахад, барилгын материалын үнэ өсөх хандлагатай байгаа. Төгрөгтэй харьцах юань болон ам.долларын ханшийн зөрүү сөрөг нөлөө үзүүлжээ. Орон сууцны эрэлт бага байгаа нь зарим төсөл саатахад хүргэж байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй