Бэлэн мөнгөний эсрэг дайн

Нийтлэл

Бэлэн мөнгөний эсрэг "дайтах" замаар эрх баригчид эдийн засгийг хянах боломжтой

Одоо үед ам.доллар болон еврогийн том мөнгөн дэвсгэртийг байхгүй болгох санаа нь олны анхаарлыг татах зүйл болоод байна. Энэхүү үзэл баримтлал нь өнөөдрийн либерал эдийн засгийн бодлого тодорхойлогчид болон мэргэжилтнүүдийн гайхалтай тэнэглэл болон оюуны дампуурлыг гойд сайн харуулж байгаа юм.

Сангийн сайд асан, Харвардын их сургуулийн ерөнхийлөгч Ларри Саммерс Америкийн Засгийн газрыг 50 болон 100 ам.долларын мөнгөн тэмдэгтийг гаргахгүй байхыг шахаж байгаа агаад үүнтэй зэрэгцээд 500 еврогийн дэвсгэртийг мөн хориглох талаар яриа гараад байна. Ийнхүү том мөнгөн дэвсгэртийг үгүй хийх илэрхий шалтгаан нь терроризм, хээл хахууль болон татвараас бултагчидтай тэмцэх явдал бөгөөд энэ нь тэдгээр муу залуус хаа хамаагүй явж өөрсдийн буруу замаар олсон мөнгийг нуун далдлахад саад болох юм.

Бэнжамин Франклины хөрөг бүхий 100 ам.долларын мөнгөн дэвсгэрт бол дэлхийн хамгийн нэр хүнд бүхий мөнгөн тэмдэгт бөгөөд дэлхий даяар нийт 10 тэрбумаас илүү хэмжээгээр эргэлдэж байна. Иймээс хэрэв Бэнжамины мөнгөн дэвсгэрт хангалттай их байхгүй байвал Мексикийн хар тамхины бүлэглэл, Ирак болон Сирийн Исламын бүлгэм зэрэг хорлон сүйтгэгчдийн үйл ажиллагаанд таслалдал гарах юм. Энэ явдал нь тун инээдтэй байх бөгөөд Саммерс болон бусад хүмүүс бямба гарагийн оройн шууд нэвтрүүлэгт зориулан хошигнол бичих эсэх талаар хүмүүс бодож эхлэх болов уу.

Мөнгөний эксперт Сэт Липский “The New York Post” сэтгүүлд “Гэмт хэрэгтнүүд буу хэрэглэж байхад Ардчилсан намынхан хуулийн дагуу галт зэвсэг эзэмшиж байгаа иргэдээс бууг нь хураах гэдэг. Харин террористууд зуутын дэвсгэрт хэрэглэж эхэлмэгц либералчууд биднийг Бэнжамины дэвсгэртийг үгүйсгэхийг хүсдэг” хэмээн бодитоор тэмдэглэжээ. Яагаад Обамагийн засаглал террористуудын ашиглаж болох мөнгөний нөөцийг байхгүй болгохыг хүсэж буй атлаа олон тэрбум долларыг дэлхийн терроризмын төв болох Иран руу өгч байгаа билээ?


Энэхүү бэлэн мөнгөний эсрэг дайны үнэн шалтгаан нь том мөнгөн дэвсгэртээс эхлэн бага руу орох буюу бүх эрх мэдлийг гартаа авах гэсэн санаа юм. Ингэх аваас хүмүүс одоогийн байгаагаас бага хэмжээний хувийн эрхтэй болох юм. Цахим худалдаа нь бидний юу хийж байгааг Том Ах нар мэдэхэд илүү амар болгож байгаа ба ингэснээр тэд давс, сахар, том савлагаатай хийжүүлсэн ундаа, том бургер худалдан авах зэрэг өөрсдийн дургүй үйл ажиллагааг хориглоход улам дөхөм болж байгаа юм.


Эдийн засгийг бэлэн мөнгөөр хангахаа болих нь эрх баригчдын бодлоор эдийн засгийг илүү сайн хянахад туслалцаа үзүүлэх болно хэмээн бодсон хий төсөөлөл юм. Вашингтон, Токио, Европын холбооны бодлого гаргагчдын бодлоор тус улсуудын эдийн засаг зогсонги байгаагийн гол шалтгаан нь жирийн хүмүүс зарцуулах ёстой шигээ мөнгөө зарцуулж, хөрөнгө оруулахгүй байгаад оршиж байгаа аж. Тэгвэл эдгээр харанхуй, дуулгаваргүй хүмүүсээр хэрхэн хийх ёстой зүйлсийг нь хийлгэх вэ? Үүнийг шийдэх хамгийн сүүлийн үеийн арга зам нь сөрөг хадгаламжийн хүү болоод байгаа юм. Хэрэв хүмүүс өөрсдийн мөнгөө эд зүйлс хадгалдаг газарт төлбөр төлөн хадгалуулдаг шигээ банкинд төлбөр төлөн хадгалуулдаг бол тэд мөнгөө зарцуулахыг илүүд үзэх болов уу. Иймд хүмүүсийг бэлэн мөнгө хадгалж хураахыг зогсоохын тулд эрх мэдэл бүхий байгууллагууд том хэмжээний мөнгөн дэвсгэртээс салахыг оролдоно. Жишээ нь, Япон улс хадгаламжиндаа сөрөг хүү зарлахад сейфний эрэлт маш ихээр нэмэгдэж байсан удаатай.

Энэ зүгээр нэг тоглоом биш юм. Том хэмжээний мөнгөн дэвсгэртийг хориглохыг дэмжин судалгааны ажил бичсэн нэгэн нэр хүнд бүхий итгэмжлэгдсэн зохиолч “Сөрөг хадгаламжийн хүүг танилцуулах нь хадгаламжаа бэлэн мөнгө хэвээр байлгах хамгийн том өдөөгч болох юм. Том хэмжээний мөнгөн дэвсгэрт байхгүй болсноор хүмүүс бага хэмжээний дэвсгэртээр бэлэн мөнгөө хадгалах ба энэ нь түвэг бэрхшээл ихтэй тул хүмүүс буцаад мөнгөө хадгаламжинд хадгалуулахыг илүүд үзэх боломжтой” хэмээн бичжээ. Мөнгөний үнэ цэнийг жолоодох, хүүгийн хэмжээг буюу мөнгөний үнийг удирдах нь хэзээ ч боломжгүй зүйл юм. Мөнгө үнэ цэнийг хэмждэг. Мөнгө нь үйлчилгээ авах эрх бөгөөд худалдаа болон хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөгч хэрэгсэл юм.

Дэлхий даяар эдийн засгууд нүхэнд унаж уур хилэн, сэтгэл ханамжгүй байдал, бохир улс төр бий болж байгаагийн шалтгаан нь Засгийн газрын бий болгосон бүтцийн саад бэрхшээлүүд болох мөнгөний тогтворгүй байдал, бухимдал төрүүлэх дүрэм журмууд, хэтэрхий өндөр татварын хэмжээ юм.


САНАЛ БОЛГОХ