Нүглийн нүдийг гурилаар хуурахгүй ээ
Нийтлэлчийн булан
Манай төр олдсон даруйд нь үрдэг ядуу бодлогоосоо салахгүй нь
Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг тараахаар боллоо. Хавтгайдаа шүү дээ. Нийт 192 мянган төрийн албан хаагч бий тул 55 тэрбум төгрөг шаардлагатай. Сангийн яаманд ийм интервенц хийх мөнгө бий гэж сайд нь хэлж байна. Монгол Улсын экспортолдог эрдэс бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны сүүлчээс дэлхийн зах зээлд өсөж эхэлсэн тул уруудаж явсан эдийн засаг жаахан өндийсөн. Ялангуяа нүүрсний үнэ. Орлого нь төлөвлөж байснаас арав орчим хувиар давсан тул албан хаагчдад тараачих 55 тэрбум төгрөг төрийн санд орж ирсэн л байх. Гэхдээ орлого нэмэгдсэн ч төсвийн алдагдал хоёр их наяд гаруй төгрөг хэвээр байгааг сануулъя. Төрийн албан хаагчдад тараах 300 мянган төгрөгийг “нөхөн олговор” гэж нэрлээд байгаа болохоос хавтгайрсан ийм халамж Монголын түүхэнд анх удаа биш юм.
Хүүхдийн, хуримын, ажилгүйчүүдийн, оюутны гээд нийгмийн ангиллаар нь ялгаж байгаад тараасаар ирсэн. Харин энэ удаа төрийн албан хаагчдын ээлж ирсэн бололтой. Яг үнэндээ багш, эмч нарын цалингаа нэмүүлэх шаардлага, ажил хаялтаас айсандаа л Засгийн газар нэг удаадаа “гал унтрааж” байгаа нь энэ. Харин үүнийгээ “2014 оноос хойш төрийн албан хаагчдын цалинг нэмээгүй. Гэтэл хүн амын гуравны нэг нь ядуу байна. Тиймээс нөхөн олговор өгч байна” хэмээн тайлбарлав.
Яг үнэндээ төрийн албанд нийгмийн давхарга, цалингийн хэмжээ нь тэнгэр газар шиг зөрөөтэй албан хаагчид бий. Лав л Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж өгдөг 40 гаруй мянган төрийн албан хаагчид 300 мянган төгрөгийн нөхөн олговор авах шаардлага амьдралд нь байхгүй. Гэлээ гээд дэлхийн ямар ч баян орны төрийн иргэдэд бэлэн мөнгө тараагаад үздээ, гуяа алгадаад л авна шүү дээ. Нэг удаа 300 мянган төгрөг өгөөд хэний амьдрал дээшлэх вэ, монголчууд юутай үлдэх вэ? Их сайндаа барааны хэдэн лангуу, баар рестораны орлого л хэсэг өснө биз. Зүгээр олсон мөнгийг “зүгээр” л үрдэг. Бэлнээр тараасан мөнгө амь зуулганд гэхээсээ тансаглал руу илүүтэй хөвнө. Мэдээж өөр өөрийнхөө хэмжээнд. Үүний ердийн жишээг архины худалдаанаас харж болно. Харин маргааш нь багш, эмч нар ядуу хэвээрээ,салбар нь эмзэг янзаараа. Эдийн засгийн хувьд ядуу салбар тул багшийн орон тоо зах зээлд өрсөлдөх мэргэжилд ордоггүй. Лам олдохгүй бол буцахдаа зална гэгчээр уралдаант шалгалтад тэнцээгүй сурлага муутнууд багш болох сонголтыг хийдэг болсон нь нууц биш.
Үгүй ядаж энэ мөнгийг хот даяар өмхий үнэртүүлсэн цэвэрлэх байгууламжаа засварлахад зарцуулаач
Турж үхэж, туйлдаж унах гэж байсан ч нэг удаагийн ийм “өвчин намдаагч” удаан торгоохгүй. 300 мянган төгрөгөөр төрийн албан хаагчдыг нэг удаа хуурч байхаар гурван сая төгрөгийн цалинтай байх боломжтой болтол нь эдийн засгаа өсгөөч эрхэм бодлого боловсруулагчдаа. Үгээгүй гуйлгачин л мөнгө, баялагийн үнэ цэнийг ойлгодоггүй гэдэг. Харин манай төр яг гуйлгачны ядуу бодлого, сэтгэлгээнээсээ хэзээ ч салахгүй нь ээ. Тийм болохоор л олдсон дээр нь нэг мөсөн үрээд дуусдаг. Нэг үгэндээ баялаг бүтээдэггүй, маргаашаа боддоггүй, зөвхөн өнөөдрөөр амьдардаг.
Ингэж асган цутган байж үрэн таран хийсний хохирогч нь баялаг бүтээгч, хувийн хэвшлийн хэдэн компани, тэнд ажиллаж буй татвар төлөгчид болж давхар давхар дарамтад ордог. Өмнө нь сонгуулийн санал луйвардах гэж бэлэн мөнгө тараадаг байсан бол, өнөөдөр жагсаалаас сүрдээд нөхөн олговор өгдөг болж. Аль нь ч байсан энэ бол өнөөх л хавтгайрсан халамж ч биш, харин эдийн засгийг улам уруудуулсан хорлол. Ер нь Монголд хавтгайрсан халамжаа дагаад төрийн зарим үүрэг маш их алдагдсан. Бүр 77 Сангийн яамтай мэт ажиллана. Улсын нэгдсэн төсөв төрийн сангаас л гардаг. Хаана ч тийм. Хааш нь хэдийг гаргахыг парламент шийдэж, Засгийн газар гүйцэтгэнэ.
• Лав л АТГ-д хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж өгдөг 40 гаруй мянган төрийн албан хаагчид 300 мянган төгрөгийн нөхөн олговор авах шаардлага амьдралд нь байхгүй.
• Зүгээр олсон мөнгийг “зүгээр” л үрдэг. Бэлнээр тараасан мөнгө амь зуулганд гэхээсээ тансаглал руу илүүтэй хөвнө.
• Ер нь Монголд хавтгайрсан халамжаа дагаад төрийн зарим үүрэг маш их алдагдсан.
Гэтэл гишүүн болгон өөртөө мөнгө авч түүнээ өөрөө захиран зарцуулдаг шинэ нээлт ихэд амжилт олоод удаж буйн бэлээхэн жишээ нь гишүүд шууд захиран зарцуулах эрхтэйгээр 72.5 тэрбум төгрөгийг ЖДҮ-ийг дэмжих санд төвлөрүүлсэн байсан нь илэрсэн явдал. Парламент дахь цөөнхийн бүлгийн дарга хөндөж тавиагүй бол эрх баригчид дунд шударгаараа алдартай “поп”-уудын хэн нь ч юу ч дуугаралгүй тас нуугаад байх байж. Бэлэн мөнгө тараах энэ мэт ухвар мөчид үйлдлийг зогсоож, үүнийхээ оронд шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг шаардлагатай салбарт нь хийхийг аминчлан хүсье. Тэгэхгүй бол 300 мянган төгрөгийн нөхөн олговор чинь ОУВС-гаа хулхидсан, багш эмч нарыг доромжилсон үйлдэл л болж байна. Ганц удаагийн 300 мянган төгрөгөөр нийгмийн асуудлаа шийдэж чадахгүй гэдгийг багш эмч нар эрх биш ухаарч байгаа.
Нүглийн нүдийг ингэж ч гурилаар хуурдаггүй байхаа. Харин бэлнээр тараах 55 тэрбум төгрөгөөр юу хийж болох вэ. Энэ жил цэцэрлэггүй үлдсэн 57373 хүүхэд байгаа. Жил бүр ийм тооны хүүхэд харах хүнгүй, боловсрох боломжгүй үлдэж байгаа асуудлын заримыг нь шийдэж болно. Нийт 28 дунд сургуулийн 10 мянган хүүхэд гурван ээлжээр хичээллэж байгаагийн улмаас өвлийн харанхуйд гэмт хэргийн золиос болон гэр лүүгээ алхаж явна. Тэдний заримыг нь ч болов сургуультай болоход зориулж болно. Үгүй ядаж энэ мөнгийг хот даяар өмхий үнэртүүлсэн цэвэрлэх байгууламжаа засварлахад зарцуулаач. Төв цэвэрлэх байгууламж дээр Ерөнхий сайд нь мөнгө хайгаад ярьж байдаг, Төрийн ордонд Сангийн сайд нь халамж тараахаа зарлаж байдаг. Ямар хувь заяаны шоглоом гэхээрээ ийм байдаг байна аа.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй