У.Ариунзоригт: Тахиж байна гээд хог овоолж болохгүй шүү дээ

Нийгмийн хариуцлага


Сүсэг бишрэлийг зөвөөр ойлгож, байгалиа хогноос салгах ухамсар дутагдаж байна


Уул,овоо, лус тэнгэрээ тахих нэрийн дор байгаль орчноо бохирдуулж, сүйтгэж буй хүмүүсийн мөрөөр “UB hiking” клубийнхан автомашин, техник хэрэгсэл хүрэх боломжгүй уул хадаар явж байгаль орчноо бохирдлоос нь салгах их цэвэрлэгээний аян өрнүүлээд буй. Тус клубийн залуучууд байгаль дэлхийдээ эрүүл, аюулгүй аж төрөх сайн санааны үндсэн дээр нэгдэн их цэвэрлэгээний аян өрнүүлж бусдад үлгэр дуурайл болж буй хүмүүс. Тэдний төлөөлөл болох “UB hiking” клубийн Удирдах зөвлөлийн гишүүн У.Ариунзоригттой ярилцлаа.

-Ууланд авирах сонирхолтой залуучууд нэгдэн байгуулсан “UB hiking” клуб үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш хүний мөрөөр сүйтгэгдэж, бохирдсон хэчнээн газрыг цэвэрлээд байна вэ?
-Манай клуб 2013 онд байгуулагдсанаас хойш Цэцээ гүний оргил, Хэнтий аймгийн тахилгат хайрхан Бурхан Халдун уул, Гачууртын хар усан тохой, Богд уул гээд тоочвол маш олон газраар явсан. Очсон газар болгоноо цэвэрлэдэг болохоор гарсан бохирдлын хэмжээг тэд гээд тодорхой хэлэх боломжгүй. Харин нэг хүн гэхэд л 100 мянган метрийн өндөрт гарсантай тэнцэх хэмжээний газраар алхаж, авираад байна. Тэгэхээр яг тэр хэмжээний газрыг өөрсдийн чадлаар цэвэрлэж, байгаль дэлхийгээ хүлээс, хог новшноос нь салгасан гэсэн үг. Тийм хэмжээний хог гээд хэлэхэд хэцүү юм. Ямартай ч нэг хоёр машин хог гарах тохиолдол их бий. Манайханд байгаль эхээ хайрлаж, бохирдуулахгүй байх ухамсар үнэхээр дутагдаж байна.

-Бохирдлоор дүүрсэн уул, ус, онгон дагшин газрын дүр зураг хэрхэн өөрчлөгдсөн байх юм?
-Бид 2013 онд анх Цэцээ гүний оргилоос аяллаа эхлүүлсэн. Бидний гишгэсэн газар болгонд хагарсан шилний хэлтэрхий, эсвэл энд тэндгүй моддыг хүлсэн хадаг самбаа, дарцаг шууд нүдэнд туссан. Тэр ч бүү хэл монголчууд бидний эртнээс шүтэж, мөргөж ирсэн тахилгат хайрхны орой архины шил, сүү, чихэр, боов боорцгоор дүүрчихсэн байсан нь үнэхээр сэтгэл эмзэглэмээр харагдсан. Ямар ч гэм зэм хийгээгүй, байгальдаа ургаж байгаа модыг тасартал нь хадгаар ороочихсон нүд халтирам зүйлтэй ч олон таарсан. Хэнтий аймгийн тахилгат уулыг хогноос салгаж өгөөч гэсэн нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу бид очиж байсан. Биднийг очиход хадаг самбаа, архины шил, сүү идээ ундаагаар дүүрсэн овоо, тахилгатай өнөөх дүр зураг дахиад л угтсан. Тус газрыг цэвэрлэхэд 8-9 машин хог гарч байсан. Тухайн үед нутгийн ард иргэд бидэнд тусалсан болохоор машин тэрэг, зөөж зөөвөрлөхөд саад бага байлаа. Харин Бурхан Халдун ууланд таван жилийн турш гарах бүрт үргэлж маш их хэмжээний хогонд дарагдсан байдал давтагддаг. Бараг нүдэнд дасал болсон гэхэд хилсдэхгүй. Хайрханыг нутгийн иргэд, байгаль хамгаалагчид цэвэрлэдэг ч хүний хөл тасардаггүй болохоор эргээд л дүүрчихдэг. Ийм хавтгайрсан, хөл толгойгоо алдсан энэ буруу сүсэг бишрэлийг цэгцлэх хэрэгтэй юм шиг.

Хэнтий аймгийн тахилгат уулыг цэвэрлэхэд 8-9 машин хог гарсан
-Ингэж явахад эрсдэлтэй нь мэдээж. Хүн бэртэж гэмтэх, салхи шуурга, бороо цас зэрэг хүнд нөхцөлтэй нүүр тулж байв уу?
-Хамгийн азтай нь хүн бэртэж гэмтэх тохиолдол гарч байгаагүй. Ууланд алхахад мэдээж хэрэг бүх талаар өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах шаардлагатай. Тиймээс манай залуучууд ч дүрмээ чанд мөрддөг. Мэдээж аль болох цаг агаар тогтуун, салхи шуургагүй үеийг сонгож, алхдаг.

-Хамгийн сүүлд аяныхаа хүрээнд ямар газрыг цэвэрлэсэн бэ?
-Саяхан сар шинийн дараа Бурхан Халдун ууланд 22 хүний бүрэлдэхүүнтэй гарсан. Ёстой хогон далай гэж хэлмээр. Идээ ундаагаа тавихад зориулагдсан ширээ байрлуулсан боловч архины шил, савтай сүү, хэвийн боов, цагаан идээгээр зай завсаргүй чигжсэн харагдсан. Ширээн дээр багтахгүй болохоор нь газарт хүртэл хэвийн боов өрж, ууттай идээ ундаагаа тэр чигт нь орхиод явсан байсан. Монгол хүн шашин шүтлэгтэй байж болно. Гэхдээ өргөл барьц барьж байна гээд уул, ус, ургамал моддоо сүйтгэж байгаа нь үнэхээр харамсалтай. Ядахдаа өргөл барьц өргөсөн ч гэсэн авчирч болсон юм чинь үлдсэнийг нь эргээд аваад явах хэрэгтэй шүү дээ. Гэтэл өргөл барьсан гэхэд хэцүү, хаях газар олдохгүй байгаа юм шиг уутнаас нь гаргалгүй орхиод явсан нь тун онцгүй санагдсан. Бөө, лам нар модноос зүү, овоонд аваачиж тавь, газарт бул гээд байдаг бол үүнийгээ болих хэрэгтэй. Хүмүүс болон байгаль дэлхийд ээлтэй зүйл хийх хэрэгтэй. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гэдэг шиг хүнд тусалж байгаа нь энэ гээд эргээд байгаль эхээ бохирдуулаад байна шүү дээ. Бурхан Халдун хайрханд ингэж хог овоолчихоод шүтэж байна, тахиж байна гэж хэлж болохгүй шүү дээ.

-Цэвэрлэсэн хогоо яаж устгасан бэ?
-Тухайн газрын хогийн цэг дээр аваачиж хаядаг.

-Төрийн байгууллага, бусад холбогдох байгууллагынхан та бүхнийг дэмжиж ажилладаг уу?
-Үгүй ээ. Зөвхөн залуучууд нэгдэж, бидний ч үр хүүхэд өсөж торних газар болохоор санаа сэтгэл нэгдэн цэвэрлэдэг. Хүмүүсийн хүсэлтийн дагуу ч очиж цэвэрлэдэг. -“UB hiking” клуб хэдэн гишүүнтэй вэ. Ямар ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс байдаг вэ? -Манай клуб 8000 гаруй гишүүнтэй. Үүнээс албан ёсны 400 гаруй гишүүн бий. Гишүүн бүр сайн үйлсийн аянд оролцдог. Бүх төрлийн мэргэжилтэй хүмүүс бий. Эмч, багш, уулын спортын мастер, хаданд авиралтын мастер гээд төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүс бий. Харин бүгд ууланд алхах сонирхлоороо нэгдсэн байдаг.

-Хэзээнээс их цэвэрлэгээ, сайн үйлсийн аян өрнүүлэх болов. Та бүхэнтэй адил байгаль дэлхийгээ хамгаалдаг олон хүн байдаг шүү дээ?
-Таван жилийн өмнөөс очсон газар болгондоо зүгээр л алхаад өнгөрөх биш, цэвэрхэн бохирдолгүй орчинд алхахын тулд цэвэрлэгээ хийж эхэлсэн. Бүх хүн бага балчраасаа эхлээд байгалиа хайрладаг, нандигнадаг байгаасай гэж хүсдэг. Эхлээд өөрсдөө цэвэрлэдэг байсан бол сүүлдээ хүмүүсийн хүсэлтээр очиж цэвэрлэдэг болсон. Мэдээж хэрэг сайн үйлс болохоор ямар ч мөнгөний асуудал байхгүй. Нэг зүйл хийхээр л мөнгөтэй холбож ойлгодог, тийм биш. Ганцхан санаа нийлсэн хүмүүсийн санаачилга дээр л тогтож байгаа юм. Өнөөдөр биднээс гадна сонирхлоороо нэгдэж, их цэвэрлэгээ хийж, аян өрнүүлж буй маш олон хүмүүс бий. Үүнээс ялгарах зүйл нь манай клуб байгаль дэлхийгээ бохирдлоос салгах аянаа таван жилийн хугацаанд тасралтгүй хийж байна. Цаашид хүүхэд, залуучуудыг нэг ч гэсэн хогоо газар хаялгүй, байгаль дэлхийгээ бидний хойч үеийнхэн амьдрах юм шүү дээ гэж хайрлан хамгаалдаг ухамсартай болох хүртэл цэвэрлэгээгээ үргэлжлүүлнэ.

-Тодорхой хэмжээний зардал мөнгө гарч таарна. Үүнийг хэрхэн шийдэж байна вэ?
-Тэгэлгүй яахав. Гэхдээ зарим тохиолдолд нутгийн иргэд, сайхан сэтгэлт хүмүүс өөрсдийн боломж бололцоогоороо дэмжлэг үзүүлдэг. Хамтын хүч шүү дээ. Ийм хэмжээний мөнгө зарцуулагдсан гэж хэлэх боломжгүй юм.

-Цаашид хэчнээн газраар явж, цэвэрлэгээ хийхээр төлөвлөсөн бэ?
 -Ойрын хугацаанд хотоо тойрсон дөрвөн хайрханаа эргэхээр төлөвлөж байгаа. Хүний хөл тасардаггүй болохоор одоо цэвэрлэх цаг болсон.
САНАЛ БОЛГОХ