Чөлөөт зах зээлд төөрсөн дотоод худалдаа
ЗГМ: Сэдэв
Дотоодын худалдааг 30 гаруй хуулиар зохицуулдаг
Дотоодын дэлгүүр, худалдааны төвүүдийн үйлчилгээнд та сэтгэл хангалуун байдаг уу. Ойролцоо орших дэлгүүрт ороход л худалдагч нь бохь зажлан, дээгүүр харан, асуусан асуултад ч хариулахгүй, хялалзах нь цөөнгүй. Зөвхөн гудамж, булангийн жижиг дэлгүүр гэлтгүй манай дотоодын худалдааны салбар ийм баргар төрх, бүрзгэр царайтай олон жилийг үдэж байна. Социализмын үед дотоодын худалдаа нь чадварлаг хүний нөөцтэй, хувь нэмэр, нэр нөлөө нь Монголын эдийн засагт жин дарсан том салбар байв. Гэтэл чөлөөт эдийн засагт шилжсэнээр энэ салбарынханд зах зээлийн зах хязгааргүй боломж нээсэн ч төр тоолгүй, дур зоргоор орхисон нь худалдааны салбарыг гээгдэн, эзэнгүй айл адил орхигдоход хүргээд байна. Эдүгээ энэ салбарын дийлэнх нь дэлхийн худалдааны хөгжил дэвшлээс хоцорч буй нь тэдний хүний нөөц, үйлчилгээний соёл зэрэг өрсөлдөх чадварын түлхүүр үзүүлэлтүүдээс илт мэдрэгдэнэ.
Нийгэм дэх худалдааны салбарын “имиж” нунж дорой. Гэтэл Монголын эдийн засагт эзэлж буй энэ салбарын жин, нөлөө нь бага буурай биш. Эдүгээ худалдааны салбар Монголын эдийн засгийн бараг 20 орчим хувийг дангаараа бүрдүүлж, 200 мянган хүнийг ажлын байраар ханган, тэдний цаана орших сая орчим хүнийг тэжээж байна. .
Хэдийгээр бид тэднийг муусайн худалдаачид, шулаачид хэмээн доромжлох нь холгүй дууддаг ч сүүлийн 28 жилийн турш нэр муутай худалдааны салбар л ачааны хүндийг үүрсээр ирлээ. Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны зөвлөх Д.Нарантуяа “Манай улс дотоодын худалдаа, үйлчилгээний салбарыг тэр чигт нь орхигдуулсан” хэмээн дүгнэж байна. Энэ салбар одоо зах зээл гэх зах хязгааргүй далайд төөрөн, жолоодлогогүй хөлөг мэт хөвж яваа аж.
Гэхдээ төр энэ салбарыг бүр мөсөн зөнгөөр нь орхисон уу гэвэл бас үгүй ээ. Худалдааны бодлогыг зураглахдаа хойш сууж, хойрго ханддаг атлаа хянаж, торгохдоо ухасхийдэг. Хүнсний жижиг дэлгүүрээс эхлээд том зах, худалдааны төвүүдийг 30 гаруй хуулиар зохицуулдаг гэж МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш Р.Шарбандийн судалгаанд дурджээ. Бас эдгээр хуулийг дагасан 100 гаруй журам хэрэгждэг байна. Архидан согтуурахтай тэмцэх тухай, галт зэвсэг, Нийлэг хальсан уут, тамхины тухай, органик хүнсний тухай, Эрүүл мэндийн тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай гээд худалдаачдын эрх ашгийг хөнддөг хуулийн зохицуулалт цааш хөвөрнө. Орон сууцны нэгдүгээр давхрын жижиг өрөөгөө дэлгүүр болгон тохижуулж, бараа борлуулж буй иргэн дорж ийм хэмжээний хязгаарлалт дор үйл ажиллагаа явуулдаг гээд бод доо. Хэтийдсэн дарамт биш гэж үү.
Ер нь 1990-ээд оноос хойш төр засаг үйлдвэрлэл хэмээх чихэнд чимэгтэй үгийг урдаа барин, оносон оноогүй, эзэндээ очсон, очоогүй олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлснийг бид мэднэ. Гэхдээ энэ хугацаанд дотоодын худалдааг хөнгөвчилж, дэмжсэн хөтөлбөр, бодлогын талаар та хэр сонссон бэ.
Агуу Америкаас эхлээд аль ч улсын хувьд үйлдвэрлэл нь хөгжлийн үндэс байдаг тул уг нийтлэлээр үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогыг үгүйсгэх гэсэнгүй. Экспортод тулгуурласан үйлдвэрлэлийг эн тэргүүнд тавьж буй нь манай төрийн алсыг харсан, мэргэн бодлого болохыг эдийн засагчид хэлдэг. Ялангуяа, дотоодын зах зээл нь харьцангуй бага Монгол Улс гадагш чиглэсэн худалдаагаа нэмэгдүүлснээр эдийн засгаа илүү тэтгэх нь зүйн хэрэг. Гэлээ гээд бид дотоодын зах зээлээ умартаж болно гэж үү. Чамлахаар чанга атга гэдэг дээ. Уг нь Монгол бол 10 тэрбум ам.доллараар хэмжигддэг эдийн засаг төдийгүй жилд дунджаар 5-6 хувиар тэлж буй ирээдүйтэй зах зээл.
Үүнээс гадна худалдаагүйгээр үйлдвэрлэл урагшилдаггүйг сүүлийн хэдэн жил бид ухаарлаа. Өнгөрсөн 5-6 жилд манай төр засаг гадаадаас бага хүүтэй санхүүжилт татаж, дотоодын үйлдвэрлэгчдэдээ олгосон ч өнөө хэр үндэсний үйлдвэрлэл өндийн босож, импортыг бут цохисон нь ховор. Үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гэхэд түүнийг борлуулж, хэрэглэгчдэд хүргэх нь гол сорилтын нэг болохыг дотоодын үйлдвэрлэгчид учирладаг. Тиймээс иргэдэд чанартай үйлчилгээ үзүүлэхэд бас дотоодын үйлдвэрлэлийг дэмжихийн тулд худалдаагаа бид дэмжих шаардлага тулгараад байна. Биднийг ийн үл тоох зуур хөрөнгө, хүний нөөц, олон улсын туршлагаар “зэвсэглэсэн” гадаадын франчайз дэлгүүрүүд манайд хүч түрээд байна. Мэдээж, зах зээлийн өрсөлдөөнийг нэмж, шинэлэг үйлчилгээ үзүүлж буй шинэ тоглогчдыг буруутгаж болохгүй. Гэхдээ ингэлээ гээд дотоодын бизнес эрхлэгчдээ ч мартаж болохгүй. Бас “та нар хоцрогдсон” хэмээн зах зээлээс шахаж бүр ч болохгүй. Иймд “Энэ салбарын хүний нөөцийг чадавхжуулах, шинэ стандарт, дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд нь төр зохицуулалтын тусламж үзүүлэх нь чухал” гэж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Г.Лхагважав хэлсэн юм.

Энэ салбар төрийн хэт оролцоог нэхээгүй. Зөвхөн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол хүсэж байна. Борлуулалт нь бараг 20 их наяд төгрөгөөр хэмжигддэг дотоодын худалдааны салбарын бодлогыг нэг яамны ганцхан мэргэжилтэн хариуцдаг гэвэл та итгэх үү. Дээрээс нь худалдаа хариуцдаг энэ нэгж засаг солигдох бүрт аль нэг яамны бөөрөнд наалдаж, дарцаг шиг хийссээр ирсэн.
Монгол Улсад худалдааны салбар үүсээд хэзээ мөдгүй 100 жилийн ойтойгоо золгох гэж буй ч энэ салбарыг зангидсан малгай хуульгүй өдий хүрсэн. Худалдааны ерөнхий хуулийн төслийг холбогдох албаныхан боловсруулсан ч гурван ч Засгийн газрын нүүр үзэж буйг МҮХАҮТ-ын худалдаа хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Адъяасүрэн өгүүлж байна. Гэтэл дэлхийн 50 гаруй улс худалдааны бодлого, бие даасан хуультай. Хойд хөрш гэхэд худалдааны хуулийг 2009 онд баталж, уг салбараа 2020 он хүртэл хөгжүүлэх 10 жилийн төлөвлөгөө зураглал боловсруулан ажиллаж байна. Үүнийг нь тус улсын худалдаа, үйлдвэрийн яам хариуцдаг аж. Хэдийгээр төр бизнест хутгалдах нь зохисгүй ч бүхнийг зах зээлийн зарчмаар шийднэ гээд хөсөр хаячихаж бас болохгүй. Бизнесийг хөндөөгүй, оновчтой, цагаа олсон төрийн зохицуулалт нь аливаа салбарыг алсын хараатай, өрсөлдөх чадвартай болгоно. Тиймээс худалдаа дагасан хуулийг батлах, эзэнгүй айл мэт, хөглөрсөн энэ салбарыг хариуцах эзэнтэй болгох нь чухал байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй