Цагаан сарын баярыг цомхон тэмдэглэж болдог л юм байна

ЗГМ: Сэдэв


  • 2020 оны хулгана жилийн цагаан сар Монгол Улсын түүхэнд содон бичигдэх цомхон баяр болж өндөрлөв
  • Хөдөөнөөс хот руу чиглэсэн хөдөлгөөнийг хяналтад оруулахад л хотын замын ачаалал эрс буурч байгааг бид харлаа. Эндээс чухам гарц харагдаж байна. Замын түгжрэлийг хэрхэн шийдвэрлэх вэ гэж толгойгоо гашилгаж суудаг хотын удирдлагууд эндээс санаа оноо авсан байх гэж найдъя. Хот руу зорилгогүй чиглэсэн хөдөлгөөнийг цаашид шүүн хориглож яагаад болохгүй гэж
  • Тамтаггүй танхай, зоргоороо, бүдүүлэг хэмээн чичлүүлдэг монголчууд энэ удаа төр, засгийн шийдвэрийг дагаж дэг журамтай байж чадлаа. Үнэхээр бахархмаар

Жил жилийн цагаан сараар ядарч цуцталаа зочдын хөлд дарагдаж, өдөржин борви бохисхийлгүй гал тогоотой зууралддагсан. Харин энэ жил “Цагаан сарыг зөвхөн гэр гэртээ тэмдэглэ” гэсэн шийдвэрийн ачаар хэдэн хоног нам жим амарлаа. Таваг засах ул боовоо цөөлж, бас тарган ууцнаас татгалзаж, бага шиг мах чанаж, идээ шүүс тавилаа. Технологийн дэвшил ашиглаж, дүрст дуудлагаар ах дүүстэйгээ золгов. Урд хөршөөс авчирч гар цайлгадаг элдэв эрээн мяраан зүйлд мөнгөө үрсэнгүй. Эдийн засагт тун хэмнэлттэй, ядаргаа багатай тэмдэглэсэндээ баярлаж, олзуурхаж суугаа над шиг хүн маш олон гэдэгт эргэлзэхгүй байна. Өнгөрсөн жилийн цагаан сараар би гэхэд л 10 гаруй айлаар зочилж, 200 мянга орчим төгрөг золголтод өгч байжээ. Харин энэ жил золголтын мөнгө хэмээх зарлага манайхаас гарсангүй. Зочид гийчид ч ирсэнгүй. Нэг үеэ бодвол хүмүүсийн ухамсар дээшилжээ. Хууль, дүрмийг үл тоон айлын хаалга тогшсонгүй. Бид цагаан сарыг яаж хөнгөн хэлбэрээр тэмдэглэх вэ гэж жил бүр тархиа гашилгаж, элдэв хэлэлцүүлэг өрнүүлдэг ч бахь байдгаараа л нүсэр тэмдэглэдэг байлаа. Дээрээсээ эхлээд доороо хүртэл ямар ч ач холбогдолгүй атлаа асар зарлагатай баярыг тэмдэглэдэг арга барилаа өөрчлөх ёстой хэмээн мөн ч их ярьсан сан. Гэвч дорвитойхон шинэчлэх алхам хийж чадаагүй өнөөг хүрсэн. Гэтэл дэлхий дахиныг түгшээсэн халдварт өвчин гарсны улмаас энэ жил төр, засаг шийдвэр гаргаж, өөрөөр хэлбэл хүчээр цагаан сарыг цомхон тэмдэглэхийг тулгасан болно. Эл шийдвэрийг харин ч монгол хүн бүр эсэргүүцэлгүй хүлээн авлаа. Дийлдэшгүй халдварт ханиад гарсандаа ч биш, ер нь монголчууд уламжлалт баяраа нүсэр тэмдэглэхээс залхсан гэдэг нь эндээс харагдана. Үнэхээр ч энэ удаа бид бүгд айлчин гийчин, бэлэг сэлт гэж төвөг удалгүй тэмдэглэсэн нь ямар амар байв аа. Цаашдаа ингэж хямд төсөр, хөнгөн байдлаар цагаан сараа тэмдэглэдэг жишиг тогтоочихмоор санагдав. Өрхийн төсөв ч хавьгүй хэмнэгдэв. Энэ жилийн цагаан сарын төсвийн хэмнэлтийн талаар судалгаа хийвэл сонирхолтой статистик гарах биз ээ. Урд жилүүдэд цагаан сарыг ямар нүсэр тэмдэглэдэг байлаа даа. Тухайлбал, 2019 оны цагаан сарын баярын өрхийн төсвийн талаар судлаач Ю.Батзоригт, Ч.Тунгалаг нарын гаргасан тооцооллыг сонирхъё. Баярын ширээ засахад нэг өрх дунджаар 690 мянган төгрөг зарцуулдаг байна. Үүний 400 гаруй мянган төгрөгийг битүүлэг тавихад, 270 гаруй мянган төгрөгийг бусад идээ будаа засахад зориулдаг юмсанж. Мөн нэг өрх 60 орчим зочин хүлээн авч, нэг хүнд 8000-18000 төгрөгийн бэлэг өгдөг гэж үзвэл нийт 780 гаруй мянган төгрөг болно гэсэн тооцоог гаргажээ. Ингээд үзэхээр нэг өрх цагаан сараа тэмдэглэхийн тулд дунджаар 1.5 сая гаруй төгрөг зарцуулдаг аж. Харин бэлгийн 80 орчим хувийг импортын бүтээгдэхүүн эзэлдэг гэж тооцвол Монгол Улс цагаан сарын баярт зориулж дунджаар 357.3 тэрбум төгрөг гадагш нь урсгадаг байв. Хулгана жилд энэ мөнгө эх орондоо үлдсэн гэсэн үг. Тамтаггүй танхай, зоргоороо, бүдүүлэг хэмээн чичлүүлдэг монголчууд энэ удаа төр, засгийн шийдвэрийг дагаж дэг журамтай байж чадлаа. Үнэхээр бахархмаар. “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” гэх зүйр үгийн үнэ цэнийг энэ жилийн цагаан сар мэдрүүлэв. Иргэд ч дор бүрнээ ухамсартай байлаа. Айл хэсэж, архидан согтуурч, элдэв хэрэг тарьж цагдаа нарыг залхаасангүй. 2020 оны хулгана жилийн цагаан сар Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэх цомхон баяр болж өндөрлөлөө. Ямартай ч нэг том баярын ард дэг журамтай гарч чадлаа. Цагаан сар ч яахав ингээд дууслаа. Цаашдаа ч анхаарал, болгоомжлол илүүдэхгүйг санах хэрэгтэй. Учир нь нэг хүний болгоомжгүй үйлдэл нийт олныг хохироох эрсдэлтэйг мартаж болохгүй. Тиймээс төр засаг өндөржүүлсэн бэлэн байдлаа цуцаллаа ч бүгдээрээ журмаа сахиж байгаад л зуны улирлыг угтацгаая. Дэлхий дахинд байдал намжих болоогүй байна. Зарим оронд халдварын дэгдэлт улам газар авлаа. Монголчууд дэгтэй байж чаддагийг дэлхий нийтэд харуулж чадлаа шүү дээ. Одоо нэг сар л хичээчихвэл бид аюулын ард хоцрох гээд байна гэдгийг эмч нар сануулсаар байгаа шүү. Хувь хүний ухамсар хариуцлага юу юунаас илүү чухал болохыг өнгөрсөн өдрүүдэд бид гэр гэртээ ажиглаж суулаа. Халдвар авсан нэг этгээд олон хүн цугларсан газар очиход л ямар хэмжээний аюул учирч буйг БНСУ-ын жишээнээс харав. Тиймээс цаашдаа ч гэсэн бүгдээрээ хичээцгээе. Сайшаамаар бас нэгэн зүйлийн талаар хэлэхгүй өнгөрч болохгүй. Ойрын өдрүүдэд хотын зам сэлүүхэн ямар сайхан байна. Шалтгаан нь мэдээж хөл хорио тогтоосон явдал. Хөдөөнөөс хот руу чиглэсэн хөдөлгөөнийг хяналтад оруулахад л хотын замын ачаалал эрс буурч байгааг бид харлаа. Эндээс чухам гарц харагдаж байна. Замын түгжрэлийг хэрхэн шийдэх вэ гэж толгойгоо гашилгаж суудаг хотын удирдлагууд эндээс санаа оноо авсан байх гэж найдъя. Хот руу зорилгогүй чиглэсэн хөдөлгөөнийг цаашид шүүн хориглож яагаад болохгүй гэж. Гэхдээ үргэлж ингэж хорьж цагдаж замын түгжрэлийг арилгана гэвэл бүтэхгүй л дээ. Тиймээс сайхан санаа бодож оновчтой шийдвэр гаргаж түгжрэлийг арилгаж чадвал жилийн дөрвөн улиралд хотын замын хөдөлгөөн энэ жилийн цагаан сарынх шиг сийрэг байх боломж бий. Та биднийг гэртээ зурагтынхаа өмнө тааваараа налайж суухад дэг журам сахиулах гэж эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн цагдаа нар, онцгой байдлынхан, эрүүл мэндийн салбарын хандаа талархаад баршгүй. Халдварыг Монголд халгаахгүйн төлөө тэд цаг наргүй зүтгэж байна. Иймд иргэн бүр хариуцлагатай байж чадвал аюулт өвчний ард эрсдэлгүй гарч чадна. Тиймээс цаг наргүй ажиллаж буй хүмүүсийг хүндэтгэж, өгсөн заавар, зөвлөгөөг нь яг таг биелүүлэх хэрэгтэй. Эрүүл байвал мянган жаргалан гэж үг юутай үнэн. Монголчууд минь дэг журмаа үргэлжлүүлэн сахиж аюулт өвчнөөс сэргийлцгээе. Дэлхийг донсолгосон аюулаас тойрч гарч чадвал том амжилт тэр шүү.
САНАЛ БОЛГОХ