Коксжих нүүрсний төлөв дунд хугацаанд эерэг

Түүхий эд

Монгол Улс энэ онд 19 сая тонн нүүрс экспортолно

Дэлхийн коксжих нүүрсний зах зээл идэвхжиж, өрсөлдөөн улам ширүүсэж байна. Энэ он гарсаар дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ өсөж, улмаар оны хоёрдугаар хагаст нэг тонн нь 140 ам.долларт хүрэв. Экспортын голлох бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ даруй 80 хувиар өсөөд байгаа нь энэ. Цаашдаа ч өсөхөөр байгааг зах зээлийн судлаач, шинжээчид хэлж байна. Гангийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд коксжих нүүрсний зах зээл ийнхүү сэргэж байгаа нь уул уурхайн салбар дахь гялтайх мэдээний нэг.

Коксжих нүүрсний үнийн өсөлт ирэх онд тогтвортой үргэлжлэх бөгөөд өсөлтийн түвшин хадгалагдах төлөвтэйг “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Наран онцолсон. Манай улс энэ онд нийт 19 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа. Үүнээс энэ оны эхний найман сарын байдлаар 11.5 сая тонныг гаргажээ. Хэдий нүүрс экспорлогч компанийн тоо цөөрсөн ч гаргасан нүүрсний хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 орчим хувиар нэмэгдсэн байна. Нэг тонн коксжих нүүрсийг ойролцоогоор 27-33 ам.доллараар нийлүүлжээ. Энэ нь одоо байгаа зах зээлийн ханшаас 4.6 дахин хямдаар нүүрсээ борлуулсан гэсэн үг.

Дэлхийн гангийн үйлдвэрлэл ирэх онд 0.6 хувиар өсөхөөр байна
“Зах зээлийн ханш огцом өсөж байгаа нь дотоодын нүүрсний компаниудад эерэг хүлээлт болж байна” хэмээн Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа тодотгосон. Гэвч дотоодын нүүрсний компаниуд коксжих нүүрсний зах зээл дээрх үнийн өсөлтөөс тодорхой ашиг хүртэж чадах нь хамгийн чухал байна. Гашуунсухайтын боомтоор гаргаж буй экспортын нүүрсний дийлэнх хувийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани гаргаж байгаа. Тус компани энэ онд 8-10 сая тонн нүүрс экспортод гаргахаар төлөвлөжээ.

Хэрэв “Чалко” компанитай байгуулсан улирлын гэрээний нөхцөлөө өөрчилж чадвал “Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажиллах боломж ойрхон гэдгийг “Discover Mongolia-2016” хөрөнгө оруулагчдын чуулганд оролцсон гурван оролцогч тутмын хоёр нь хэлж байсан юм. Хэрэв “Эрдэнэс Тавантолгой” компани төлөвлөгөөний дагуу үлдсэн хугацаанд 5.5 сая тонн нүүрс экспортолж чадвал энэ оны эцэс гэхэд “Чалко” компанийн 350 сая ам.долларын өрийг 75 сая ам.доллар болтол нь барагдуулж амжина. Ингэснээр ирэх онд багтааж дөрвөн жил дамнаж буй эл өрийг бүрэн төлж барагдуулах боломжтойг “Эрдэнэс Тавантолгой” компаниас мэдэгдсэн. Нүүрсний үнэ тогтвортойгоор өсөж байгаа нь “Эрдэнэс Тавантолгой”-гоор зогсохгүй дотоодын компаниудын зогсонги байдалд орсон үйл ажиллагааг идэвхжүүлэхээр байна. Гэхдээ компаниуд хямд үнээр хоорондоо өрсөлдөх бус үнийн нэгдсэн бодлоготойгоор нүүрсээ экспортлохоос ашиг хүртэх, эсэх нь хамаарахаар байгааг “Энержи Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл хэлж байсан.

Коксжих нүүрсний үнэ цаашид өсөхөд БНХАУ уурхайнуудынхаа жилийн ажиллах хоногийг 330 өдөр байсныг 276 болгож цөөрүүлсэн нь голлох нөлөө үзүүлэхээр байна.
Коксжих нүүрсний үнэ өсөх шалтгааныг өмнөд хөршийн төрийн хэрэгжүүлж буй бодлоготой холбон зарим шинжээч тайлбарлаж байна. БНХАУ энэ онд нийт 250 сая тонн олборлолтын хүчин чадал бүхий нүүрсний уурхайнуудыг хаахаар төлөвлөөд байгаа. Уг төлөвлөгөө хэрэгжиж эхэлсэн бөгөөд нүүрсний олборлолт нь 80 орчим сая тонноор багассан аж. Энэ хэмжээ цаашид нэмэгдэнэ. “Нүүрсний уурхайнуудыг хаах бодлогын нөлөөгөөр коксжих нүүрсний үнэ сэргэж байгаа. Үүнийг манай улс ашиглах хэрэгтэй байна” хэмээн Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч, эрдэс баялгийн эдийн засагч Д.Галсандорж тэмдэглэлээ.

“Хар алт” хэмээн тодотгох нүүрсний зах зээлд коксжих нүүрсний “оргил цаг” тохиож байгаа бол эрчим хүчний нүүрс тийм ч анхаарал татах түвшинд ирээгүй байна. Тасралтгүй уруудаж байсан коксжих нүүрсний үнэтэй хамт мартагдаж байсан зарим төсөл хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт болсон “Invest Mongolia-2016 чуулганаар танилцуулсан коксжих нүүрсний хоёр ч төслийн ирээдүй өсөлтийн сургаар улам тодорч байна.
САНАЛ БОЛГОХ