БНАСАУ-ын харвасан пуужин Япон улсын эдийн засгийн онцгой бүсэд унажээ

Мэдээ

БНАСАУ даваа гарагийн өглөө дахин нэг пуужингийн туршилт хийлээ. Энэ нь Олон Улсын Хамтын Нийгэмлэгээс тус улсын цөмийн зэвсгийн хөгжүүлэлтэд тавьсан хоригийг цаашид ч мөн авч хэлэлцэхгүй гэдгийг харуулсан явдал болж байна. Үүгээр ч зогсохгүй ийнхүү туршилт хийсэн нь Солонгосын хойгт хурцадмал байдлыг улам нэмэгдүүллээ. Үүнээс өмнө БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун онгоц эсэргүүцэгч чиглүүлэгчтэй пуужингийн туршилтын үйл явцыг ажиглаж буй бичлэгийг тус улс Үндэсний телевизээрээ цацжээ.

Орон нутгийн цагаар даваа гарагийн өглөөний 05.39 цагийн орчимд БНАСАУ-ын Вонсан бүс орчмоос "Scud" ангиллын пуужин харвасан гэж БНСУ болон Японы Батлан хамгаалах яам мэдэгдлээ. Ким Чен Ун улсынхаа цөмийн зэвсгийн хөтөлбөрийг идэвхтэй үргэлжлүүлж байгаа төдийгүй хэрвээ БНАСАУ баллистик пуужин харвасан нь тогтоогдвол тус улсын хувьд он гарснаас хойших ес дэх удаагийн туршилт болох юм. БНАСАУ-ын зүүн хэсгээс харвасан пуужин Япон улсын эдийн засгийн онцгой бүсэд унасан гэж тус улсын Кабинетын нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга мэдэгджээ. Одоогийн байдлаар тус бүс нутагт гарсан аюулын талаар тодорхой мэдээлэл байхгүй байгааг тэрбээр дурдсан байна.

Үүнээс гадна “Япон улс тус улсын өдөөн хатгасан шинжтэй үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгджээ. Шинзо Абэ "Олон улсын хамтын нийгэмлэгийн удаа дараалсан сануулгуудыг үл харгалзан БНАСАУ өдөөн хатгасан шинжтэй үйлдлээ үргэлжлүүлсээр байгааг Япон улс хүлээн зөвшөөрөхгүй. Тийм учраас бид тус улсын эсрэг хүчтэй арга хэмжээ авахыг уриалж байна. Үүгээр ч зогсохгүй БНАСАУ Олон Улсын Хамтын Нийгэмлэгийн шийдвэрлэх зохих асуудлын тэргүүн эгнээнд байна. Япон улс цаашид Умард Солонгосыг тогтоон барихад АНУ-тай илүү ойр хамтран ажиллаж, үргэлжлүүлэн бодитой арга хэмжээ авах болно" гэж мэдэгдсэн байна.




САНАЛ БОЛГОХ