Зээлийн хэлэлцээрийн төслүүдийг соёрхон батлах төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов

Мэдээ

Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2” болон ”Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2” нь “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, эдийн засаг хүндрэлтэй энэ үед халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, төсвийн алдагдлыг нөхөх зорилготой юм. Хөтөлбөрийн хүрээнд төсвийн алдагдлыг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрийг илүү үр дүнтэй болгох, зорилтот бүлэгт чиглэсэн нэгдсэн мэдээллийн баазыг шинэчлэх зэрэг бодлогын 18 арга хэмжээг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний шатанд 11-ийг нь бүрэн хэрэгжүүлж дуусаад байна. Азийн Хөгжлийн банкнаас авах 150 сая ам.долларын зээл нь 15 жилийн хугацаатай. Үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зээлийн хүү нь Лондоны банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.5 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх юм.

Харин “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр” нь санхүүгийн тогтвортой байдлыг хангах, дэд бүтцийн өөрчлөлт хийх, банкнуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чанаргүй зээлийг шийдвэрлэх, тавих хяналтыг сайжруулах, засаглалыг бэхжүүлэх зорилготой аж. Хөтөлбөрийг Азийн Хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зээлийн хүү нь Лондоны банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.6 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх ажээ.

Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.Талууд 2017-2020 онд хамтран ажиллах стратегиа хэлэлцэн, санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, нийгмийн салбарт хамтран ажиллахаар тохирчээ. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 2017-2018 онд Монгол Улсад 468 сая ам.долларын санхүүжилт хуваарилсан бөгөөд Энгийн эх үүсвэрээс 404 сая, Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 64 сая ам.долларын зээл авах боломжтой ажээ.

Хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл нь хоёр хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгддөг бол Энгийн нь дунджаар 20 жилийн хугацаатай, Лондоны банк хоорондын хүү дээр нэмэх нь 0.5 хувийн шимтгэлтэй байдаг. Монгол Улсад хуваарилагдсан зээлийг боловсролын чанар, хүртээмжийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрэх үйлчилгээг сайжруулж, оролцоог нэмэгдүүлэх, бүс нутгийн замыг хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, төсвийн санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдлыг дээшлүүлэх, хотын агаарын чанарыг сайжруулах зэрэг төсөлд зарцуулахаар төлөвлөсөн гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.




САНАЛ БОЛГОХ