Нүүрсийг "халах" технологийн дэвшил

Уул уурхай

Ган хайлах шинэ арга, технологи илүү дэлгэрч эхэллээ

Нүүрснээс улбаатай өсөлт эдийн засгийг тэтгэсээр. Ялангуяа, коксжих нүүрс Монголын эдийн засгийг өндийлгөж, агшилтаас өсөлт рүү шилжүүлснийг статистикийн байгууллага тэмдэглэж байна. Энэ оны эхний долоон сард манай улсын нүүрсний экспорт 1.1 тэрбум ам.доллараар өссөн. Ингэснээр Монгол Улс 1.4 тэрбум ам.долларын орлогыг нүүрсний экспортоос халаасалж чаджээ.

Гэвч Монголын эдийн засагт тэрбумаар хэмжигдэх ам.доллар даллаж буй нүүрсний салбарт шинэ өрсөлдөөн хүчээ авч эхэллээ. Металлургийн салбарын орлуулшгүй түүхий эдээр нэрлэгддэг коксжих нүүрсний эрэлт буурах эрсдэл тулгараад байна. Учир нь технологи дагасан дэвшил, өөрчлөлт коксжих нүүрсний хэрэгцээг хазаарлаж, энэ салбарыг өөрчилж байна. Өдгөөгөөс 10 жилийн өмнөхтэй харьцуулахад нэг тонн ган хайлахад зарцуулдаг коксжих нүүрсний хэмжээ мэдэгдэхүйц буурсан. Шинжээчдийн тооцоогоор өнгөрсөн 10-15 жилийн хугацаанд нэг тонн ган үйлдвэрлэхэд ашиглаж буй металлургийн нүүрсний хэмжээ 10-15 хувиар буурчээ. Гэхдээ ингээд зогсохгүй гангийн нийт үйлдвэрлэл дэх нүүрсний хэмжээ нь багассан.

Өнгөрсөн зуунд нийт ган үйлдвэрлэлийн 90 гаруй хувийг зөвхөн коксжих нүүрсээр хайлж, боловсруулдаг байв. Гэвч шинэ зуунтай золгосноор хэмжээ нь жилээс жилд буурах боллоо.

Дэлхийн нүүрсний холбооны мэдээллээр 2016 онд гангийн нийт үйлдвэрлэлийн 60 хувийг коксжих нүүрсээр боловсруулсан байна. Үлдсэнийг нь электролиз, биомасс зэрэг аргаар үйлдвэрлэжээ. Дэлхийн ган үйлдвэрлэл өнгөрсөн онд 1.6 тэрбум тоннд хүрсэн гэж тооцвол ойролцоогоор 600 сая тонн ганг коксжих нүүрснээс бусад төрлийн түүхий эд, бүтээгдэхүүн ашиглан үйлдвэрлэсэн гэсэн үг.

Дэлхий даяар эрчим хүчний төдийгүй металлургийн нүүрснээс татгалзахаар зорьж байгаа. Эрчим хүчний эх үүсвэр, эдийн засгийн нөхөр болох нүүрс нь эргээд экологийн дайсан, уур амьсгалын өөрчлөлтийн суурь шалтгаан болоод буй. Колумбын их сургуулийн судлаачдын тооцоогоор өнөөгийн уур амьсгалын өөрчлөлтийг аюулгүй түвшинд хадгалахын тулд 2030 он хүртэл нүүрсний хэрэглээг тэг хувь болгох шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс ч нүүрснээс нүүр буруулах хөдөлгөөн цэнхэр гараг даяар өрнөх болов.

Юун түрүүнд, ган, төмөрлөгийг дахин боловсруулахаар зорьж буй. Ингэснээр ган шинээр хайлахад зарцуулах коксжих нүүрснээс бага хэмжээний түүхий эд ашиглана гэж тооцож байна. Мөн электролизийн арга эрчтэй нэвтэрч эхэлсэн бөгөөд ирэх 20 жилд илүү дэлгэрнэ гэсэн таамагтай байна. Усан уусмал дундуур тогтмол цахилгаан гүйдэл нэвтрүүлж электродууд дээр исэлдэн ангижруулдаг энэ арга ирээдүйд гангийн салбарт нүүрстэй эн зэрэгцэхүйц жин дарах төлөвтэй.

Үүнээс гадна модны нүүрсийг мартаж болохгүй. Одоогоор ган боловсруулалтад бага хувь эзэлж буй ч модны нүүрсний эрэлт өсөхөөр байна. Бразил улс гэхэд 23-36 сая шоо метр модны нүүрсийг жил бүр ган хайлахад ашигладаг байна. Тусгайлсан модны тариалалт эхлүүлж, ойжуулж чадвал энэ төрлийн нүүрсийг ашиглах боломж бий. Ингэснээр экосистемд хор хөнөөл, хог хаягдал багатайгаар ган хайлах болно гэж зарим эрдэмтэн үзэж байгаа. Мод болон биомассын хаягдлыг нүүрсний оронд ашиглаж чадвал коксжих нүүрсний эрэлт илүү буурахаар байна.

Жилээс жилд нэмэгдэж буй дулаарал, газар авч байгаа уур амьсгалын өөрчлөлт дэлхий дахиныг экологид ээлтэй арга зам эрэлхийлэхийг шаардаад эхэлсэн. Тиймээс улс орнууд нүүрснээс нүүр буруулахаар санал нэгдэж байна. Хэдийгээр одоогоор коксжих нүүр металлург болон үйлдвэрлэлийн салбарын гол түүхий эдийн нэг хэвээр байгаа ч хэтдээ өөрчлөгдөх нь.

Нэг тонн ган хайлахад зарцуулдаг коксжих нүүрсний хэмжээ буурсан


Металлургийн салбарын шинжээчид ойрын жилүүдэд коксжих нүүрс гангийн үйлдвэрийн гол түүхий эд хэвээр байх ч эрэлт нь жилээс жилд буурах бүүдгэр таамаг дэвшүүлж байна. Тэгвэл энэ эмзэг таамаг нүүрсний нийт экспортынхоо 90 гаруй хувийг зөвхөн коксжих нүүрснээс бүрдүүлдэг Монгол Улсад хүчтэй нөлөөлж мэднэ. Монголоос урд хөршийг чиглэж буй коксжих нүүрсний дийлэнх нь цемент болон гангийн үйлдвэрүүдийг зорьдог. Тэгвэл манай гол худалдан авагч коксжих нүүрснээс татгалзаад эхэлбэл бид ч нийлүүлэлтээ хумихаас аргагүйд хүрнэ. Энэ хэрээр Монголын эдийн засагт үлэмж хэмжээний нөлөө үзүүлдэг нүүрсний экспорт хумигдах эрсдэл биднийг хүлээж байна.

САНАЛ БОЛГОХ