Мартагдсан дэд бүтцийн муу үр дагавар
Амьдралын хэв маяг
Иргэд химийн хүнд металлаар амьсгалж байна
Төв цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр Улаанбаатар хотын 1.3 сая иргэний эрүүл мэндэд заналхийлсэн хэвээр. Учир нь цэвэрлэх байгууламжаас аммиак, нүүрсхүчлийн хий, метан зэрэг лагаас ялгарсан ялзралын хий агаарт тархаад байгаа юм. Биологийн цэвэрлэгээний үр дүнд үүсдэг лагийн найрлагад агуулагддаг азот, фосфор, хлорын нэгдэл, гэдэсний бүлгийн бактер, вирүс, шимэгч хорхойн өндөг зэрэг нь исэлдэж, агаарт хорт хий ялгаруулдаг аж.
Өнөөдрийн байдлаар Төв цэвэрлэх байгууламж хоногт 160 мянган шоо метр бохир ус хүлээн авч цэвэрлэснээс 700-1000 тонн хүртэлх лаг гарч байна. Лаг боловсруулах технологийн дамжлага байхгүйн улмаас тунгааж авсан лагаа гадна дэлгэн хатаасаар байгаа юм. Энэ нь нартай үед хатаж, бороотойд норж өмхий үнэрийг улам их ялгаруулдаг аж. Уг нь АСЕМ- ийн үеэр үнэр саармагжуулах бодисын тусламжтайгаар өмхий үнэрийг дарсан. Харин энэ жил мэргэжлийн байгууллагууд нь төсөв мөнгөний хүрэлцээгүй гэх шалтгаан тоочсоор.
ГАДНЫН ОРНУУДЫН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖААС НЭГ Ч ХАЯГДАЛ ГАРДАГГҮЙ
Гаднын өндөр хөгжилтэй орнуудад манайд хэрэглэж буй Төв цэвэрлэх байгууламжийн технологийг ашиглахаа болиод удаж буй. Тухайлбал, Нидерланд болон Япон улсад цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа битүү орчинд явагддаг. Лагаасаа метан газ гаргаж авахаас гадна генератор ажиллуулан дотоодын эрчим хүчнийхээ 35-40 хувийг хангадаг аж. Үүнээс үлдсэн лагаа хаягдал боловсруулах үйлдвэрт хүргэж, сульфат буюу ургамлын гарцыг түргэсгэдэг шингэн бордоо үйлдвэрлэдэг. Үүнийг тус улсын мод үржүүлгийн газар, тариалангийн аж ахуй, зүлэг үржүүлгийн газрууд болон хотын захиргаа худалдан авдаг байна. Ингэж гаднын орнууд иргэдийнхээ эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалж, бохир уснаас ямар ч хаягдал гаргалгүй үйлдвэрлэлд ашиглах технологийг нэвтрүүлээд удаж буй. Тэгтэл өнөөдөр Улаанбаатар хотын иргэд эрүүл мэндээрээ хохирсоор байна. Тодруулбал, Төв цэвэрлэх байгууламж орчмын 163 айлын оршин суугчдын дунд хийсэн судалгаагаар элэгний үрэвслээр 43, бөөрний үрэвслээр 47 хувь нь өвдсөн бол 90 гаруй хувь нь харшилтай гарчээ. Харин Төв цэвэрлэх байгууламжийн ажилчдын дунд хийсэн судалгаагаар нийт ажилтны 98 орчим хувь нь өөрсдийгөө химийн хорт бодис, хортой үнэр ялгардаг орчинд ажилладаг гэж тодорхойлсон байна.
Мөн 72 хувь нь биеийн аль нэг хэсэгт тууралттай, 85 хувь нь гэдэс базлах, хэвлийгээр өвдөх, 90 хувь нь байнга ханиалгах зовиуртайгаас гадна харшил, хордлоготой болсон байна. Нарийн мэргэжлийн эмч нарын хэлж байгаагаар лагийн өмхий үнэр нь төв мэдрэлийн системийг хүчил төрөгчийн дутагдалд оруулж, судас нарийсах, толгой өвдөх, нойргүйтэх, ядрах, цаашлаад бүр амь насаа алдахад хүргэдэг. Мөн үнэрлэх, амтлах эрхтний үйл ажиллагаа муудахаас гадна ханиалгах, чээж давчдах, нүд загатнах, улайх, үрэвсэх зэрэг харшлын шинж тэмдэг илэрдэг аж. Түүнчлэн лагийг ил задгай хаяснаар хөрсний бохирдол үүсэж, халдварт өвчин тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна.
БОХИР УСНЫ ДӨНГӨЖ 50-60 ХУВИЙГ ЦЭВЭРШҮҮЛЖ БАЙНА
Одоогоос 53 жилийн өмнө буюу 1964 онд Төв цэвэрлэх байгууламжийг ахуйн бохирдлыг 96 хувь хүртэл цэвэрлэх зориулалтаар барьсан. Үүнээс хойш 1990 онд Испанийн хөрөнгө оруулалтаар хэсэгчлэн зассан ч, өнөөдрийг хүртэл техник, технологийн шинэчлэл хийгээгүй байна. Гэтэл сүүлийн жилүүдэд ахуйн зориулалттай цэвэрлэх байгууламж үйлдвэрээс гадна бүх төрлийн буюу стандартаасаа 10-20 дахин давсан маш их бохирдолтой усыг цэвэрлэж байгаа аж. Энэ нь цэвэрлэгээний дөнгөж 50-60 орчим хувь буюу бохир усыг дутуу цэвэрлэхэд хүргэж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Учир нь нийслэлд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдээс химийн найрлагатай бохир ус Төв цэвэрлэх байгууламжид очиж байгаа юм.
Тухайлбал, үсчний газар гэхэд төрөл бүрийн шампунь, буржгар, шулуун химид маш олон төрлийн химийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэдэг. Мөн мах, арьс шир боловсруулах болон согтууруулах ундааны үйлдвэрүүд ч химийн бодис маш их ашиглаж байна. Энэ нь Төв цэвэрлэх байгууламжид ирж байгаа ахуйн бохирдолтой нийлж урвалд орон хүний эрүүл мэндэд хортой химийн нэгдлийг ялгаруулах үндэс болоод буй. Уг нь тус бүртээ цэвэрлэх байгууламжтай байх ёстой. Гэтэл эдгээр газрын цэвэрлэх байгууламж бохир усаа бүрэн цэвэрлэж, Төв байгууламжид нийлүүлж байгаа эсэх нь эргэлзээтэй. Үүнд хяналт тавьдаг байгууллага, шийдвэрлэх нэгдсэн тогтолцоо байхгүйгээс гадна хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны MNS4943:2011 стандарт, саарал усыг эргүүлэн ашиглах технологи огт хэрэгжихгүй байна. Гаднын хөрөнгө оруулалт горьдож, зээл тусламж хүлээхийн оронд нэн даруй бохир усны дэд бүтцийг нэгдсэн системээр шинэчлэх асуудлыг шийдвэрлэх нь чухал болоод байна. Аж ахуйн нэгжүүдэд шаардлага тавьж, хяналт шалгалтын тогтолцоог хэрэгжүүлэхгүй бол цэвэрлэх байгууламжийн “өмхий” үнэрээс болж нийслэлчүүд эрүүл мэндээрээ хохирч байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй