"Irma" хар салхины эрч суларлаа

Мэдээ

АНУ-ын Флорида мужийг дайрсан "Irma" хар салхины эрч буурлаа. Үүнтэй холбоотойгоор хохирлын хэмжээ маш өндөр буюу 200 тэрбум ам.долларт хүрнэ гэж таамаглаж байсан нь 49 тэрбум ам.доллар болж буурсан байна. Хэдий тийм боловч хар салхины улмаас 5.6 сая орчим айл, өрх гэрэл цахилгаангүй, олон зуун мянган иргэн орон гэрээсээ дайжаад байна. Мөн дахин их хэмжээний бороо орж магадгүй байгааг цаг уурчид анхааруулжээ.

АНУ-ын Флорида мужийн захирагч Рик Скотт “Бид гамшгийн дараах нөхцөл байдалтай танилцсан. Гэхдээ анх таамаглаж байсан шиг их хор хохирол дагуулаагүй. “Irma” хар салхи энэ долоо хоногтоо намжиж, Флорида муж аюулгүй болно. Гэхдээ мужийн хойд хэсэг бүхэлдээ үерт автсан. Одоо дахин хүчтэй шуурга, хар салхи болохгүй. Мужийн хэмжээнд айл өрхүүд цахилгааны хангамжаа алдсан. Зам тээврийн асуудалтай хэвээр байна” гэж мэдэгдлээ. "Irma" хар салхины учруулсан хохирол 2005 онд Нью-Орлеанс хотод дэгдсэн "Katrina" хар салхитай харьцуулахад бага, одоогийн ам.долларын ханшаар 160 тэрбум ам.долларын хохирол учруулж байсан ч 1992 онд Флоридаг дайрсан "Anrdrew" хар салхиныхаас их гэдгийг шинжээчид онцолж байна. "Irma" хар салхины улмаас Карибын тэнгис дэх Барбуда аралд 25 хүн амь амиа алджээ. Мөн Карибын тэнгисийн орчим олон мянган хүн орон гэргүй болоод байна. Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд хар салхины гамшигт нэрвэгдсэн Кубын Матанзас муж дахь далайн эргийн жижиг хотод олон зуун хүн орон гэргүй болжээ. Флорида мужид цахилгаан станцуудын ажиллагаа зогссоноос зах зээлд байгалийн хийн эрэлт буурсан байна. Мөн улаан лооль, жүрж, чихрийн нишингэ тариалалтаараа АНУ-д тэргүүлдэг тус мужийн газар тариалангийн салбарт 1.2 тэрбум ам.долларын хохирол учирч магадгүй гэх урьдчилсан тооцоо гарчээ.

Цагаан ордны дотоод аюулгүй байдлын асуудал хариуцсан төлөөлөгч Том Боссерт “Irma нь халуун бүсийн уур амьсгалаас шалтгаалж гарсан хар салхи. Энэ гэхдээ аюулгүй гэсэн үг биш. Флорида мужийн зүүн хойд хэсэгт сүүлийн нэг зуун жилд үзээгүй маш их хор хохиролтой үерийн гамшигтай нүүр тулсан. Хар салхины эрч суларсан. Гэхдээ үерийн гамшиг үргэлжилсэн хэвээр, иргэдийг аврах ажиллагаа үргэлжилсээр байна. “Irma” хар салхи одоо Жоржиа, Өмнөд Каролайн мужийг чиглэсэн. Дайжсан иргэд орон гэртээ буцаж ирэхийн тулд албаныхны зөвшөөрлийг авч аюулгүй байдлыг хангах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна” гэсэн байна.




САНАЛ БОЛГОХ