Тархийг хөгшрөлтөөс хамгаалах арга нээжээ

Мэдээ


Өмнөд Флоридын их сургуулийн профессор Жерри Эдвардс тэргүүтэй хэсэг судлаач танихуйн чадамжийг дасгалжуулах тоглоом тархины хөгшрөлтийг зогсооход нөлөөлдөг гэсэн дүгнэлт дэлгэлээ. Тухайлбал, мэдээлэл боловсруулах хурд нэмэгдэх нь ухаан муудахаас сэргийлдэг хэмээн Science Alert сэтгүүл мэдээлэв. Эрдэмтэд 10 жилийн турш 84 хүртэл насны 2802 хүн оролцсон туршилтын дүнд шинжилгээ хийсэн байна. Сайн дурынхныг санамсаргүй байдлаар дөрвөн бүлэгт хуваажээ. Нэг бүлэгт нь дасгал хийлгээгүй аж.

Бусад гурван бүлэгт ой санамж, логик сэтгэлгээ, мэдээлэл боловсруулах хурдны дасгалаар туршилт явуулжээ. Туршилтад оролцогч бүр 5-6 долоо хоногийн туршид 10 цагийн сургалтад хамрагдав. Туршилтын 11 болон 35 дугаар сард нэмэлт сургалт явуулсан байна. Туршилтын бүх хугацаанд сайн дурынхны танихуйн чадамжийг таван удаа (1, 2, 3, 5 болон 10 дахь жилд) хэмжжээ. Нийт оролцогсдоос 1220 нь 10 жилийн сургалт туршилтын курсийг дүүргэсэн байна. 260 хүнд оюун ухааны сулрал ажиглагдсан бол мэдээлэл боловсруулах хурдны дасгал хийсэн хүмүүсийн дунд хяналтын бүлэгтэй харьцуулахад ухаан муудах эрсдэл 29 хувь бага байгаа нь илрэв. Харин бусад төрлийн оюуны дасгал ухаан муудах өвчинд үр ашиггүй болохыг тогтоосон юм.


САНАЛ БОЛГОХ